top banner

Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Чингис хаан” одон хүртэх анхны тамирчин болно


2017-11-15 11:23:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртэх эрхмээр Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр тодорчээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил “Чингис хаан” одон хүртэх эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр зарлалаа. Энэ удаад Монгол Улсын анхны Олимпийн наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны Олимпоос хүртсэн, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр энэхүү нэр хүндтэй одонгийн эзнээр тодорсон байна. Тэрбээр амжилтаа бататган 2012 онд Лондонгийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.

Монгол түмний бахархал болсон тэрбээр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон дахь хүүхэд болон мэндэлжээ. 2002 онд өсвөрийн үндэсний бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон.
Булган аймгийн 10 жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлжээ. Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2007 онд Эль-Кувейтын ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэн, мөн оны намар Бээжингийн зуны Олимпийн наадaмд таван учраагаа ялж, Монголын түүхэнд анхны алтан медалийг авчирсан билээ. Хамгийн сүүлд буюу энэ онд "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ -ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн болсон юм.

Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсний дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн. Тэгвэл энэ удаад Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн  “Чингис хаан” одонг хүртэх эрхмээр Н.Түвшинбаярыг тодруулж, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 19-нд гардуулан өгөх юм байна.



ЕТГ-ын дарга З.Энхболд "Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар 14-нд Монгол Улсын түүхэнд Олимпийн анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн үймээн самуун, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явдал намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, Монгол түмний сэтгэлийн хоймрыг эзлэн, магнай тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал Н.Түвшинбаяр танд баяр хүргэж байна" гэсэн юм.

“Чингис хаан” одон хүртэх эрхмийг хэрхэн тодруулдаг талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулиар шагнал олгох эрх Ерөнхийлөгчид байгаа. Гэхдээ “Чингис хаан” одон нь төрийн шагнал шиг нэрээ дэвшүүлээд, түүнээс нь сонгож олгодог журамтай шагнал биш. Ерөнхийлөгчийн Тамгын газар одон хүртэх эрхмийг судалж байгаад Ерөнхийлөгчид танилцуулдаг. Үүнээс өмнө тамирчин хүн энэ шагналыг авч байгаагүй. Төрийн зүтгэлтнүүд, урлагийнхан, шинжлэх ухааныхан өмнөх 10 шагналыг авсан. Энэ шагналд зориулсан тусгай журам байдаг бөгөөд үүгээрээ бусад шагналаас онцлогтой” хэмээв.



Найдангийн Түвшинбаяр товч намтар

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.

2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.

2006 оноос Монгол Улсын Жудогийн үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2009-2013 онд Олон улсын жудо бөхийн холбоонд Олон улсын жудо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн

2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч

2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

Монгол Улсын Хөдөлмөрйн баатар, гавьяат тамирчин, Сүхбаатарын одонт, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний бөхийн Монгол Улсын заан

Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл
Бөхийн төрлүүдээр Монгол Улсын олон удаагийн аварга болж байв.



Дашрамд дурдахад, Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон билээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд