top banner

Зүүн Азийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтдаа нээхийг БНХАУ-ын Ерөнхий сайд уриалав


2017-11-15 11:50:09
Зураг
МАНИЛА. /Шиньхуа/. БНХАУ Зүүн Азийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бүс нутгийн улсуудтай хамтран нээх хүсэлтэй байна гэж Хятад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлснийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Мягмар гарагт буюу өчигдөр Филиппиний нийслэл Манила хотноо болсон Зүүн Азийн XII дээд хэмжээний уулзалтын үеэр Ли Көчян үг хэлэхдээ Зүүн Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэг бий болгохыг хөхиүлэн дэмжихийг Зүүн Азийн улс орнуудад уриалсан байна.
 
Энэ дээд хэмжээний уулзалтыг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте даргалсан бөгөөд уулзалтад Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн улс орнуудын удирдагчдаас гадна Өмнөд Солонгос, ОХУ, Япон, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд болон АНУ-ын төр, засгийн тэргүүнүүд оролцжээ.
 
Өмнөд Хятадын тэнгисийн асуудал
 
Хятад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлэхдээ “Өмнөд Хятадын тэнгисийн байдал тогтворжиж байна. Хятад болон АСЕАН-ы гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтаар энэ газар хурдацтай хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
 
Мөн Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг яриа хэлэлцээ хийн шийдвэрлэх замдаа холбогдох улс орнууд буцаж орсныг тэрбээр сайшаахын сацуу холбогдох улс орнуудын харилцаа сайжирч байгааг цохон тэмдэглэсэн байна.

Бээжин Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэгтэй холбоотойгоор Хятад улс болон Вьетнам, Филиппин, Малайз, Бруней ба Тайвань хоорондын харилцаа хурцдаад байсан билээ.
 
 Зүүн Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэг
 
“Өдгөө энх тайван ба тогтвортой хөгжил дэлхийн цаг үеийн гол сэдэв хэвээр байгаа ч бидний өмнө тулгамдаж буй олон асуудал байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийг сэргээх  үйл явц удаашралтай байна. Мөн цагаачлал, терроризм зэрэг уламжлалт бус аюул заналхийлэл бүс нутгийн төдийгүй олон улсын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Ийм нөхцөлд Зүүн Азийн энх тайван ба тогтвортой байдлыг хадгалан хамгаалах нь амаргүй ажил. Зүүн Азийн эдийн засгийг хөгжүүлсэн амжилт амар ирээгүй тул бид энэ ололт амжилтаа нандигнах ёстой. Зүүн Азийн интеграцийг цаашид улам бүр бэхжүүлэх хэрэгтэй” гэж Ли Көчян Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлжээ.

Өнгөрсөн сард Бээжин хотноо болсон Хятадын Коммунист намын XIX их хурлын тухайд Ли Көчян дурдахдаа “Тайван замаар хөгжих, олон улсын харилцааны шинэ төрөл бөгөөд дэлхий ннийтийг хамруулсан нийгэмлэгийг бий болгохыг хөхиүлэн дэмжинэ гэдгээ Хятад улс энэ их хурлын үеэр тодорхой илэрхийлсэн” гэсэн байна.
 
Хятадын хөгжил Зүүн Азийн улс орнууд төдийгүй дэлхийн бүх улс оронд хөгжиж цэцэглэх боломжуудыг өгнө үү гэхээс ямар ч хор хөнөөл болохгүй гэж ноён Ли Көчян онцлон тэмдэглэжээ.

Мөн Зүүн Азийн Эдийн засгийн хамтын нийгэмлэгийг бий болгож, бүс нутгийн хамтын ажиллагааны  шинэ хуудсыг нээхийн тулд Хятад улс холбогдох бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрбээр хэлсэн байна.
 
Бүс нутгийн интеграци, тогтвортой хөгжил, нийгмийн хөгжил, терроризмтой хамтран тэмцэх, аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх гэсэн зургаан зүйл заалт бүхий саналыг хамтран хэрэгжүүлэхийг Зүүн Азийн улс орнуудад Ли Көчян уриаллаа.

Г.Доржханд

Монгол брэнд