top banner

Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол хийхийг шаардав


2017-11-15 12:05:55
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар томилгооны сонсгол хийх санал хүргүүллээ..

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийв. Тэрбээр ярихдаа, "Б.Хурц нь Франц, Германаас иргэн Д.Энхбатыг ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хууль бусаар авчирч, улмаар олон сараар шоронд хорьсноос тэрбээр нас барсан. Нөгөөтэйгүүр хамтрагчаа хилсээр шоронд явуулсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хувийн хэвшилд авч өгсөн болон бусад бизнесменүүдийн эрхийг зөрчиж, хөрөнгө мөнгийг нь булаан авсан, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 55 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн зэргийг үндэслэн томилгооны сонсгол явуулах нь зүйтэй. Энэхүү албан тоотод нийт 21 гишүүн нэгдсэн байгаа. Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлээд байгаа бөгөөд түүнийг Элчин сайдаар томилох эсэх тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор авч хэлэлцэх гэж байна. Тиймээс энэхүү хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал хүргүүлсэн" гэлээ.
Түүнчлэн тэрбээр цааш нь, "Б.Хурц нь илчлэгдсэн тагнуулч. Энэ хүн бол хүн хулгайлж яваад Английн шоронд 10 сар хоригдсон, Европын холбоонд асуудалтай хүн. Ийм хүнийг гадны улсад Элчин сайдаар буюу дипломат албанд томилох нь буруу. Солонгос улс энэ хүнийг хүлээж авахгүй хэмээн мэдэгдэж магадгүй. Тиймээс наана нь сайн ярьж зөвшилцөх хэрэгтэй. Энэ бол ганц хүний асуудал биш, улс орны асуудал. Б.Хурцын талаар тавьж буй асуудал бүр нотолгоотой. Нотолгоогоо томилгооны сонсголын үеэр задална. Тус сонсгол хэвлэлийнхэнд нээлттэй байх ёстой. Улс орны эрх ашиг, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны болон хувь хүний нууцтай холбоотой асуудал сөхөгдвөл горимын саналаар хаалттай хуралдаж болно. Би цаашид томилгооны олон сонсголыг явуулах болно. Монголын нийгэмд шинэ жишиг тогтоохыг хүсч байна. Одоогоор надад ямар нэг дарамт ирээгүй" гэлээ

Б.Туул

 


Монгол брэнд