top banner

Тархины гэмтлээр нас барагсдыг донор болгох асуудлыг хэлэлцэв


2017-11-15 13:11:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эрхтэн шилжүүлэх төвийн дарга, хүний гавьяат эмч П.Батчулуунаас энэ үеэр тус хуулинд тусгаж буй шинэ заалтын талаар  тодруулахад, “Манайх анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Түүнээс хойш эрхтэн шилжүүлэх мэс засал амьдрал дээр урган гарах зайлшгүй шаардлага урган гарах нь тодорхой болсон бөгөөд 2000 онд Донорын тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэхүү хууль нь урьдчилж харсан алсан хараатай хууль болсон юм. Үүний дараа 2012 онд тус хуулинд шинэчилсэн найруулга хийсэн. 

Өнгөрсөн хугацаанд 140 гаруй хүнд бөөр, 36 хүнд элэг, 5 хүнд ясны чөмөг, 14 хүнд нүдний эвэрлэг шилжүүлэн суулгажээ.Цаашлаад нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах гэж байгаа энэ үед улсын хэмжээнд донорын дутагдал маш их байгаа нь тус шинэчилсэн найруулгыг хийх үндэслэл болж байна. Зөвхөн Хавдар судлалын Үндэсний төвд 2200-2400 хүн элэгний хавдартай хэмээн оношлогдоод эхний жилдээ 80 хувь нь нас барж байна. Жил бүр 17 мянган иргэн элэгний В, С вирустэй хэмээн оношлогддог. Мөн жил бүр 150 хүн бөөрний архаг дутагдалд орж геомодиализын аппаратад орж байна. Цаашлаад бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ордог. Энэ мэт тоон үзүүлэлтээс харахад гурван сая иргэний нэлээдгүй нь өвчний улмаас хорвоог орхиж байна. Өнөөдөр бид амьд донороос эрхтэн шилжүүлэн авч буй. Амьд донорт хагалгаа хийнэ гэдэг бол их эрсдэлтэй, үүний оронд гадны орнууд тархины гэмтлээс болж өөд болсон хүнийг донор болгодог. Энэхүү шинэчилсэн найруулгаар харвалт болон тархины гэмтлээс болж нас барсан иргэдийг донор болгох хуулийн зохицуулалтыг баталж өгвөл эргээд нөгөө талд нь олон хүний амь насыг аварч болох юм” гэлээ.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, хүний гавьяат эмч О.Сэргэлэн хэлэлцүүлгийн үеэр элэг шилжүүлэх суулгах хагалгаатай холбоотой асуудлаар илтгэл тавьсан юм. Тэрбээр, “Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс 2007 оноос хийж эхэлсэн. Үүнээс хойш улсын хэмжээнд 36 иргэнд элэг шилжүүлэн суулгажээ. Элэг шилжүүлэн суулгаж буй иргэд насны хувьд 19-49 насныхан буюу ид хөдөлмөрийн насны иргэд байдаг. Элэг шилжүүлэн суулгаж буй шалтгааны ихэнх нь В,С вирустэй холбоотой. Харин сүүлийн үед элэгний С вирусын эсрэг эмчилгээнд улсаас ихээхэн анхаарч байгаа нь үр дүнд хүрч байна.

Элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнг бид гурван сарын дараах, жилийн дараах, 3 жилийн дараах, 5 жилийн дараах гэж тооцдог.  Одоогийн байдлаар бид 3 жилийн дараах үр дүнг тооцоод байна. Гурван сарын дараах үр дүн 90 орчим хувьтай. Элэг шилжүүлэн суулгаж эхэлж байгаа улсын хувьд 50 хувьд хүрэхэд боломжийн гэж үздэг. Манай улсын хувьд үр дүн 90 хувьтай байна гэдэг бол боломжийн амжилт юм. Ер нь бол хагалгааны явцад нэг хүн нас барсан. Ганц нэг хүн хагалгааны дараа буюу хэдэн сарын дараа өөд болсон байдаг. Хагалгаа болон хагалгааны дараах эмчилгээгээр бид өвчтөнүүдээ авардаг. Иймээс тархины гэмтлээс болж нас барж буй иргэдийг донор болгох, эрхтнээ хандивлаж буй иргэний ар гэрийнхэнд тайтгарлын мөнгө өгдөг байх, мөн оршуулгын зардалд нь мөнгө нэмэрлэдэг байхыг хуулинд тусгаж өгөх шаардлагатай. Түүнчлэн өнөөдөр бид хагалгаанд нэг ээлжийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг бид элэг шижлүүлэн суулгахаас гадна бусад томоохон хагалгаанд ашиглаж байгаа тул нэлээн элэгдэлд орсон. Хэрэв ямар нэг доголдол үүсвэл бид “гал алдах” нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тиймээс тоног төхөөрөмжийн шинэчлэлд анхаарах шаардлагатай” гэв.

Мөн үеэр геомодиализын аппаратад 8 жилийн хугацаанд орж эмчлүүлж буй М.Өлзийбаяр гэх эмэгтэйтэй уулзсан юм. Тэрбээр "Геомодиализын эмчлүүлэгчдийн Чандмань холбоо" ТББ-ыг ахалдаг бөгөөд тэрбээр геомодиализын аппаратад ордог 600 гаруй хүнийг төлөөлж уг хуулийн шинэчилсэн найруулгад дуу хоолойгоо хүргэн ажиллаж байгаа аж. Тэрбээр хуульч мэргэжилтэй ч долоо хоногт 3 удаа геомодиализын аппаратад ордог тул ажил хийж чаддаггүй. Одоогийн хуулийн зохицуулалтаар ах дүүсээрээ донор хайсан ч таарах донор олдоогүй. Гэхдээ энэ жилээс геомодиализын аппаратыг үнэ төлбөргүй болгосон нь харин ч санхүүгийн хувьд ирэх дарамтыг бууруулсан. Хэрэв тэрбээр эл шинэчилсэн найруулгыг УИХ-аас баталсан тохиолдолд өөр шиг нь ижил өвчтэй олон хүнд донор олдох боломж нээгдэнэ хэмээн найдаж байгаагаа хэллээ.

УИХ-ын чуулганы намрын чуулганаар нийт 20-иод асуудал хэлэлцэхээр товлосон. Үүний нэг нь Донор тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид тус хуулийн шинэчилсэн найруулга батлагдана гэсэн найдлага тавьж байгаагаа илэрхийлж байсан юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 

Монгол брэнд