top banner

АНУ-ын ЭСЯ-нд элс, арц авч ирвэл нэвтрүүлэхгүй байхыг анхааруулав


2017-11-15 13:46:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчдэд хандан анхааруулга гаргав. 
Тус анхааруулгад, "Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай" гэжээ.
Түүнчлэн тус улсад зорчих виз мэдүүлэгчдээс аялал болон визний мэдүүлгээ эртнээс төлөвлөх, өргөдлөө бүрэн бүрдүүлж, нягтлах, өөрийн зорилго, төлөвлөгөөг тодорхой байлгах, визийн ярилцлагадаа өөрийн зорилгыг тодорхой, цэгцтэй ярихаар бэлтгэж ирэх шаардлагатай байдаг аж.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн үйлчилгээний талаар товч мэдээлэл өгөхөд, тус хэлтэс нь АНУ руу түр хугацаагаар зорчих хүсэлтэй болон АНУ-д тодорхойгүй хугацаагаар эсвэл байнгын оршин суух хүсэлтэй хүмүүст визний үйлчилгээ үзүүлдэг. Монголчуудын хувьд цагаачлалын болон цагаачлалын бус виз хүсэн өргөдөл мэдүүлдэг юм. 
Аялал жуулчлал, бизнесийн В1/В2 ангилалын визээр очсон хүмүүст ихэнх тохиолдолд 6 сар Америкт байх хугацааг хил дээр дарж өгдөг ба энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тодорхой арга хэмжээнүүдийг авдаг. Тодруулбал:
-180 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд тухайн хүнийг АНУ-аас албадан гаргах арга хэмжээ авна.
- 180 хоногоор хэтрүүлсэн, гэхдээ нэг жил хүрээгүй тохиолдолд тухайн хүн 3 жил АНУ-д нэвтрэх эрхгүй.
- 1 жилээс илүү хугацаагаар хэтрүүлсэн бол АНУ-д нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулна.
- Гэмт хэрэг хийх, баривчлагдах, хууль бусаар ажил хийх болон ямар нэг хууль бус үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд АНУ-д дахин нэвтрэх эрхгүй болно.

Түүнчлэн АНУ-ын Засгийн газарт болон бусад халамжийн байгууллагад өөрийгөө амьжиргааны түвшин доогуур хэмээн худал мэдүүлж санхүүгийн болон эд материалын дэмжлэг авах нь хууль бус үйлдэлд тооцогддогийг анхааруулж байна. Үүний нэг нийтлэг жишээ бол Мedicaid халамжийн хөтөлбөрт хамрагдан Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр эмнэлгийн зардал төлүүлэх явдал аж.
 
Н.Туяа

Монгол брэнд