top banner

Зимбабвегийн хямрал: Цэргийн эргэлт гараагүй


2017-11-15 14:12:43
Зураг
ХАРАРЕ. /Шиньхуа/. Улс төрийн хямралд цэг тавихгүй бол "цэргийн эргэлт" гарч магадгүй гэж Зимбабве улсын арми анхааруулснаас хойш хоёр өдрийн дараа буюу өнөө өглөө тус улсын нийслэл Хараре хотын төвд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болох чимээ сонгогджээ.  Үүнтэй холбогдуулан тус улсад цэргийн эргэлт гарлаа гэж эх сурвалжууд мэдээлж эхэлсэн ч цэргийн эргэлт гараагүй болохыг тус улсын армийн  хошууч генерал Сибусисо Мойо нотлон мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжиллаа.
 
Сибусисо Мойо өнөө өглөө төрийн мэдлийн телевизээрээ “Бид цэргийн эргэлт хийж, засгийн газрыг хяналтандаа аваагүй. Харин Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эргэн тойронд буй, улс орныг нийгэм-эдийн засгийн хямралд оруулж байгаа гэмт хэрэгтнүүдтэй тооцоо бодох ажиллагаа явуулж байна. Ерөнхийлөгч Р.Мугабе болон түүний ар гэрийнхан аюулгүй байгаа. Бид ажиллагаа явуулж дуусмагцаа нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэжээ.

/Хошууч генерал Сибусисо Мойо/

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Зимбабве улсын нийслэл Хараре хотын хаа сайгүй цэргүүд байрлаж, армийнхан төв телевизийн байрыг хяналтандаа авчээ. Р.Мугабегийн эрх баригч нам армийн удирдлагыг эх орноосоо урван тэрсэлж байна гэж буруутгасны дараа энэ хэрэг боллоо. Р.Мугабегийн хувийн өргөөний ойролцоо буун дуу сонсогдсон гэсэн мэдээлэл байна.
 
40 гаруй жил улс төрд хамтран зүтгэсэн, шадар туслах болох дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва-г итгэл алдсан, залилан мэхэлсэн гэх шалтгаанаар Р.Мугабе өнгөрсөн долоо хоногт огцруулсан юм. Түүний оронд өөрийн эхнэр буюу тэргүүн хатагтай Грэйс Мугабег томилохоор бэлтгэж байгааг эрх баригч намынхан эсэргүүцэж, дотроо тэмцэлдэх болсон бололтой.

Зимбабвегийн армийн командлагч Константино Чивенга даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Эрх баригч намын эсрэг бослогод “цаг алдалгүй” цэг тавихгүй бол цэргийн эргэлт хийхээс буцахгүй” гэж анхааруулсан аж.

 /Генерал Константино Чивенга/

Үүний дараа буюу өчигдөр Зимбабвегийн эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх орончдын фронт” намын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Константино Чивенга эх орноосоо урван тэрсэлж, нам доторх хагарлыг цэргийн эргэлтээр шийднэ гэж сүрдүүллээ. Зимбабве улсын энх тайван ба тогтвортой байдлыг алдаглуулахын тулд тэрбээр ийм мэдэгдэл хийлээ” гэж буруушаасан юм.
 
Г.Доржханд
 

Монгол брэнд