top banner

Монголын Залуучуудын холбоо “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдэв


2017-11-15 14:44:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Лантуун дохио” ТББ, “Өгөх өдөр хөдөлгөөн”-өөс охид, хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг “Нүдээ нээ”  үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд буй.

Тус үндэсний хөдөлгөөнд Монголын Залуучуудын холбооны гүйцэтгэх хороо, 21 аймаг, 9 дүүргийн салбар нэгжтэйгээ нэгдэж байна. Хөдөлгөөний хүрээнд стикэр, футболк, номын хавчуурга зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүнийг авснаар хүүхдийн төлөө дараах алхмуудыг хийхээ амалж байна гэсэн үг юм. Үүнд,

Хувь хүн, албан байгууллагын гурван амлалт:
·         Би нүдээ нээснээр ямар ч үед, аль тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.
·         Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102, 107 утсанд мэдээлэл өгөх болно.
·         Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
Жолооч тээврийн хэрэгслийн гурван амлалт:
·         Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно.
·         Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
·         Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно.
Нүдээ нээсэн зочид буудлын гурван амлалт:
·         Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
·         Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас үргэлж буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
·         Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно хэмээн амалж байгаа хэрэг аж.
Б.Туул

Монгол брэнд