top banner
Шуурхай мэдээ

Эрэгтэйчүүд давамгайлсан ажиллах хүчин бүхий уламжлалт аргаас ангижирах цаг болсон гэв


2017-11-17 18:21:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэр нь аль нэг салбарын асуудал биш нийгмээрээ хэлэлцэж,  олон талт хамтын ажиллагааг бий болгох замаар эрх тэгш байдлыг хангана гэдгийг Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарын үеэр эрдэс баялгийн салбарынхан онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан тус яамнаас   СЕСМИМ төсөлтэй хамтран  дээрх семинарыг  “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарын үеэр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг эрдэс баялгийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг дүгнэв. Улмаар эрдэс баялгийн салбарынхан жендэрийн ойлголт, мэдлэгээ дээшлүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга  замаа тодорхой болгох нь чухал гэдэгт саналаа нэгтгэсэн  юм.

Нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлж буй  эрдэс баялгийн салбарт 5-10 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж буй бөгөөд голдуу үйлчилгээний салбарт туслах үүргийн ажил эрхэлдэг байна. Тиймээс  уул уурхайн салбарт тэгш байдал, олон талт байдлыг дэмжих хөшүүрэг хэрэгтэй байгааг салбарынхан тодотгож байсан юм.  Түүнчлэн эрэгтэйчүүд давамгайлсан ажиллах хүчин бүхий уламжлалт арга барилаас ангижирах цаг болсныг дэлхий нийтийн жишээн дээр тайлбарлаж байв. Эрэгтэйчүүдээс дутахгүй бүтээмжтэй ажилладаг эмэгтэйчүүдийг  олборлох, уурхайн компаниудад ажиллуулах, тэднийг тэгш цалингийн хэмжээтэй болгох хөшүүрэг механизмыг бий болгох нь чухал гэдэгт төвлөрч ярилцлаа.

Тус семинарт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Канадын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд ТББ-ын гүйцэтгэх захирал Сири С.Геник нарын албаны хүмүүс оролцов.
Б.Заяа

Монгол брэнд