top banner
Шуурхай мэдээ

Гэр оронгүй 614 хүнийг олж тогтоон бүртгэлжүүлжээ


2017-11-20 16:32:53
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон бүртгэлжүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулсаны зэрэгцээ сүрьеэгийн тандалт шинжилгээнд 250, ДОХ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд 38, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүнийг хамруулахаар болжээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 152, Хан богд төрийн бус байгууллагад 10, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус хүлээлгэн өгсөн аж.


Үүний зэрэгцээ хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх,  нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллага, халамжийн төвд хамруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв, Улаанбаатар нийгэмлэг, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, Энэрэл эмнэлэгтэй хамтран зохион байгуулав.
 

Б.Туул


Монгол брэнд