top banner
Шуурхай мэдээ

"Бармаш" ХХК-ийн агуулахад гарсан галыг унтраав


2017-11-20 17:00:01
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга доторх “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай барилгад өчигдөр шөнө дунд гал гарсан.

Галыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн 6 тасаг,  65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр 17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Гал ихээр тархаж дээврийн хийц нурсны зэрэгцээ хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч, үзэгдэх орчин хязгаарлагдсан, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох, хөлдөх зэрэг хүндрэл энэ үеэр гарч байжээ.

 

Одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон  Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж.

Б.Туул


Монгол брэнд