top banner
Шуурхай мэдээ

МАН: Дүрэм, Мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хэлэлцэж байна


2017-11-20 18:27:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хурлын үдээс хойшхи хуралдаан “МАН-ын дүрмийн шинэчлэл” сэдвийн хүрээнд Соёлын төв өргөөнд, “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” сэдвийн хүрээнд Тусгаар тогтнолын ордны Их танхимд хоёр салбар хуралдаан болж байна. Мөн “XXVIII Их хурлаас гарах уриалга”-ыг хэлэлцэх салбар хуралдаан хуралдаж байгаа юм.

Намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилласан. Мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөд Намын үзэл баримтлал, бодлого, үнэт зүйл, үзэл санаа, баримтлах зарчмыг илэрхийлдэг Мөрийн хөтөлбөрт орчин үеийн үзэл санааны суурь үндсийг илүү тодорхой болгох өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, хүн төвтэй намын бодлого үзэл санааг шингээж өгөхийг зорьсон талаар ажлын хэсгийн ахлагч нь ярьж байсан юм.

Намын дүрэмд өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ажилласан. Тус намын Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд найман чиглэлд 50 гаруй зүйл заалтыг өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Тоймлоод хэлэхэд шийдвэр гаргах түвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгах, Хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгасан. Түүнчлэн МАН-ын санхүүжилтийн үйл ажиллагааг журамд оруулж, тэрхүү журмыг Бага хурлаар баталснаар намын санхүүжилт ил тод нээлттэй болох нөхцөл бүрдүүлэхээр зорьжээ. Түүнчлэн намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг бий болгох зорилгоор  Ёс зүйн хороог дахин бий болгохоор тусгасан байна.



Үүнээс гадна удирдлагын тогтолцоог тодорхой болгож, намын дарга Дүрэмд заасан удирдлагыг, Удирдах зөвлөлийг ЕНБД нар удирдах зэрэг заалт тусчээ. Салбар хуралдааны дараа Соёлын төв өргөөнд Их хурал дахин хуралдах юм. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд