top banner
Шуурхай мэдээ

Шижир, Ар гүнтийн даваанд хяналтын цэг ажиллаж эхэллээ


2017-11-22 09:48:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод нэвтрэх хэсэг буюу Шижир, Ар гүнтийн даваанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэгийг өчигдөр буюу энэ сарын 21-нээс ажиллаж эхэллээ. 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн долоо хоногт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Тиймээс шүлхий өвчний халдвар нийслэлд орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын цэг ажиллуулж эхэлсэн байна. Сэлэнгэ аймгаас нийслэлд нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд малын мах тээвэрлэж буй эсэхэд шалгалт хийх зорилготой тус цэгийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн удирдлагууд хяналт тавьж буй юм.

Мөн Улсын онцгой комисс энэ сарын 20-нд Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсохыг түр хориглоод байгаа билээ. Мөн БСШУСЯ-наас тус сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд