top banner
Шуурхай мэдээ

Монгол орны өвлийн бэлэг


2017-11-22 12:23:31
Зураг

ИНЭЭД ЦАНГИНАСАН ӨВЛИЙН НААДАМ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүрийн 2 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн жилд тус арга хэмжээ нь Гэр бүлд чиглэсэн олон тэмцээн уралдаан, хүүхэд залуучуудын сонирхдог экстрим спортын төрлүүдийг түлхүү оруулснаараа цар хүрээний хувьд өргөн хэмжээнд зохион байгуулагдаж байсан юм.

Мөн нохойтой чарга, мини амьтны хүрээлэн, мөсөн хана,  сноуборд, цасны регби, цана, мөсөн шатар, мөсөн шагай, мөсөн сур харвах зэрэг арга хэмжээнд гадаад дотоодын жуулчид болон иргэд өөрсдийн биеэр оролцохын зэрэгцээ халуун хоол ундаагаар үйлчлүүлж, аяллын болон үндэсний хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох боломжтой. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.



Тус наадмын зорилго нь дэлхий дахинд Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц нүүдэлчдийн соёлыг сурталчлан таниулах, манай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт болон шинэ тутам хөгжиж буй экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, түүнчлэн "Өвлийн наадам"-тай болгоход оршино.

Цаашид  энэхүү наадмыг Олон улсын хэмжээний өвлийн улирлын хамгийн том наадам болгон хөгжүүлэхээр зорьж байна.

БИДНИЙ БАХАРХАЛ БҮРГЭДИЙН БАЯР

Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг агуулсан “Бүргэдийн баяр” нь манай улсын бахархалт үйл явдлуудын нэг билээ. Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг юм.

Хоёр жилийн өмнө улаа бутарсан хацартай, эрэлхэг бяцхан охин Айшолпан бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхин түрүүлсэн тухай мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиж байсныг уншигчид санаж буй биз ээ.

Бүргэдийн баяр нь монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эх орноо болон Монголын казах иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчилан таниулах, хөдөө орон нутгийн жуулчны баазуудын ажиллах хугацааг уртасгах, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдийн байгаль орчноо хамгаалж нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зэрэг олон зорилготой.



Дашрамд өгүүлэхэд бүргэдийн баярыг жил бүр гадаад, дотоодын 750 гаруй жуулчид тогтмол үздэг гэх тооцоо гарсан байна. Уг үйл ажиллагаанд жил бүр тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцдог юм. Арга хэмжээний үеэр морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах зэрэг төрөл бүрийн тэмцээнүүд зохион байгуулагддаг билээ.

САЙХАН МОНГОЛЫН ЦАГААН САР
Монголд өвлийн улирлын үеэр ирсэн жуулчидад цагаан сарыг үзэх том боломж нээгддэг. Цагаан сар нь монголчуудын хувьд эрт үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.



17 дугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

Тиймээс цагаан сарын баярын үеэр Монголд ирсэн жуулчид бурхан шашны томоохон зан үйлийг үзэж, монгол түмний өвөрмөц зан заншил, хоол ундны соёлыг нэг дор үзэх боломжтой.

Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд “Монгол” хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог.

ХӨВСГӨЛ ЭХИЙН БЭЛЭГ БУЮУ “ХӨХ СУВД”-НЫ БАЯР

Хөвсгөл аймагт жил бүр далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор “Хөх сувд” олон улсын мөсний баярыг зохион байгуулдаг билээ.



Мөнхүү Хөвсгөл далай ээжийн орчмын үзэсгэлэнт байгалийг хамгаалах, унаган төрхийг нь хадгалан авч үлдэх зорилготой бөгөөд, онгон дагшин байгалийн үзэсгэлэнг мэдэрч, цаатан ард түмний ёс заншилтай танилцахыг хүсвэл өвөл ирсэн жуулчин “Хөх сувд”-ны баярт зочлох хэрэгтэй.

Тус баярын үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа,  мөсний сүмо зэрэг олон тэмцээн зохиогддог бөгөөд энэ бүгд нь нүүдэлчин ахуйтай холбоотой ба жуулчдын онцолж зорих аялалын хөтөлбөрт багтдаг байна. Түүнчлэн “Хөх сувд” баярын үеэр мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхон, цаа буга, бөөгийн урц, хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой.

ДЭЛХИЙД ГАНЦ ХОЁР БӨХТЭЙ ТЭМЭЭНИЙ УРАЛДААН

“Түмэн Тэмээ-Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд жуулчдын сонирхлыг ихэд татах болж, хамрах хүрээгээ өргөжин тэлсээр байгаа билээ.

Өнгөрсөн онд гэхэд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлж 1000 тэмээ уралдуулсан юм.



Уг арга хэмжээний үеэр торомны уралдаан, тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогддог билээ.   

МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧИД ДАРААХ ГАЗРУУДААР АЯЛАХ БОЛОМЖТОЙ

Нохойтой чарганы аялал



Энэхүү аялалын үйл ажиллагаа “Тэрэлж”-д болдог бөгөөд “хаски” нохой хөлөглөсөн чаргаар Туул голын мөсөн дээгүүр аялан "Эрдэнэсийн агуй", “Болорын агуй”-г үзэх боломжтой аялал юм. Нохойт чаргаар гулгах явцдаа Хэнтий нурууны төгсгөл Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг тольдох боломжтой. 

“Дөрвөн дугуйт мотоцикл”-ын аялал

Мөн “Тэрэлж”-д болдог энэ аялал нь долоо хоног бүрийн ням гарагт зохиогддог. Ингэхдээ зохион байгуулагчдын гаргасан маршрутын дагуу 10 км замыг дөрвөн дугуйт мотоциклоор туулна. Аялалд хамрагдахыг хүссэн та өмнө нь заавал 4 дугуйт мотоцикл унадаг байсан байх шаардлагагүй бөгөөд зохион байгуулагчид танд туслах болно. Мөн гэнэтийн ослоос сэргийлж өөрийн хүссэн даатгалын газар нэг өдрийн гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой гээд олон талын давуу талыг бий болгожээ.

Ан амьтан үзэх эко аялал



Хустайн “Байгалийн Цогцолбор”-т газраар аялан үзэсгэлэнт байгаль, буга, тахь, тарвага зэрэг ховордсон амьтдыг дэргэдээс нь харах гайхамшигт агшинг алдахгүй байхыг хичээгээрэй.

“Sky resort” цанын бааз

Уг цанын бааз нь Богдхан уулын арын зам дагуу байрладаг. Олон улсын стандартад нийцсэн тус цанын баазад уулын болон гүйлтийн цана, чарга, сноубоардаар гулгах боломжтой. Өвлийн улиралд нар эрт жаргадаг ч шөнийн гулгахыг хүссэн үйлчлүүлэгчдэдээ зориулан зориулалтын гэрэлтүүлэг суурилуулжээ. Цанын баазын үйлчилгээний танхимд 300 хүний багтаамжтай ресторан эсвэл клабхаусын рестораны аль алинаар нь үйлчлүүлж цэвэр агаарт амрах боломжтой.


Богдхан уулын аялал

Нийслэл хотын өмнө зүгт сүндэрлэх Богдхан-Ууланд аялахыг хүсэгчид таван замаар оргилд нь хүрэх боломжтой. Нийслэлчүүдэд хамгийн ойр оргил нь Зайсангийн амнаас урагш байрладаг “Баруун ширээт” юм. Өдөрт 1000 гаруй аялагч “Баруун ширээт” оргил руу явган аялал хийдэг. Оргилд гарах зам 4.5 км  урт бөгөөд 800-900 метр тутамд амрах сандал бүхий амралтын цэгүүд бий.


 
Б.Алтанхуяг
 
 
 

Монгол брэнд