top banner
Шуурхай мэдээ

Цахим сүлжээнд зөв, соёлтой боловсон орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэв


2017-11-22 17:54:14
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Бишрэлт зочид буудлын хурлын танхимд  зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл,  оюутан, залуусаас бүрдсэн нийт 80 гаруй хүн оролцлоо. Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас олон ажил санаачлан өрнүүлж буйн нэг нь энэ юм.

Мөн үеэр Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярихдаа, “Залуучуудын хөгжлийн газар дээрх сэдвээр жил бүр, тогтмол, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн сөрөг хандлагыг багасгаж эерэг болгох, цахим сүлжээ, орчин дахь зөв, соёлтой, боловсон хэрэглээг дэлгэрүүлэх чиглэлээр ажиллана.  Улмаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сэтгүүлзүйн мэргэжлээр суралцах оюутан залуусыг нэгтгэх мэргэжлийн клуб байгуулж, цахим орчин, цахим сүлжээний соёлтой хэрэглээг төр, иргэний нийгэм, иргэдийн төлөөллийн хамтын ажиллагаагаар бүрдүүлнэ” гэв.
Б.Заяа

Монгол брэнд