top banner
Шуурхай мэдээ

Их аварга Хакүхо Даваажаргалын завсаргүй давааг Ёшиказе таслав


2017-11-22 19:27:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ёшиказед унаснаар 10 даваа нэг унаатай болов.

Энэ барилдаанд
Хакүхо аварга тачай хийхдээ "зэрэг боссонгүй" гэж бодоод барилдаанаа зогсооход шүүгч зогсоолгүй үргэлжлүүлж, улмаар Ёшиказе дэвжээний зах руу түрэн унагахад дэвжээний шүүгч Ёшиказед ялалт заасан юм. Их аварга Хакүхо шүүгчид хандсан боловч хатуу ёс жаяг, дүрэмтэй сумо бөхөд шүүгчийн шийдвэр хууль гэдгийг харуулж ялалтыг Ёшиказед өгөв. Харин Хакүхо аварга дэвжээ рүү гаралгүй хэсэгхэн эсэргүүцэж зогссон. Их аваргын энэ үйлдэл нь дахин олны анхаарлыг татсан асуудал үүсгэх нь тодорхой бизээ.

Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн байдлаар башёг тэргүүлэгч 69 дэх Их аваргын араас өнөөдөр озэки Гойэдогоор ес дэх даваагаа авсан маэгашира Хокүтофүжи болон Окиноуми нар хоёр даваатай нэхэж байна.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар учраа тааран барилдаж Тамаваши давж 8 даваа гурван унаатай 50 хувийн амжилтаа хийсэн бол Араваши 7 даваа 4 унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров, Такаяасүд уналаа. Тэрбээр сүүлийн барилдаануудад дараалан 3 унаж, 7 даваа 4 унаатай боллоо.

 

Д.Өлзий


Монгол брэнд