top banner
Шуурхай мэдээ

Нэгэн жарны хугацаанд театр урлагийн 1600 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ


2017-11-23 17:04:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад театрын урлагийн салбарын дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан СУИС-ийн Театр урлагийн сургуулиас “Монголын театрын дээд боловсрол-60” үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Монголын театрын музейд болов.

1957 онд УБДС-д жүжигчний анги нээж, хоёр жилийн дараа элсэгчдээ хүлээж авснаар 1963 онд анхны дээд боловсролтой 21 жүжигчнийг ажлын талбарт илгээж байжээ. Энэ хугацаанд 116 удаагийн төгсөлтөөр 1683 уран бүтээлч, мэргэжилтэн бэлтгэснээс найруулагч 80, жүжигчин 800, тайзны зураач 300, урлаг судлаач 30, жүжиг, кино зохиолч зэрэг 60 гаруй мэргэжилтэн төгсчээ. Мөн бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагчийн мэргэжлээр 16 удаагийн төгсөлтөөр 260 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна.

СУИС-ийн Театр урлагийн их сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн хэлэхдээ, “XX зууны сүүлчээр орчин цагийн боловсрол, соёл, шинжлэх ухааныг манай оронд нэвтрүүлэн хөгжүүлэх их бүтээн байгуулалтыг хийсэн онцлог жилүүдэд МУИС-д Драмын найруулагчийн ангийг 1957 онд нээснээс хойш нэгэн жарныг үджээ. Энэ хугацаанд Монголын театрын дээд боловсролын шинэчлэлийг хийх хариуцлагатай үүрэг бидэнд оногдсон. XXI зууны дээд боловсролын нийтлэг хэм хэмжээ, шаардлагад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн бэлтгэх, үндэсний онцлогтой “Монголын театрын сургалтын дэг сургууль”-ийг  бий болгон төлөвшүүлэх, дэлхийн хаана ч давтагдахгүй монгол соёл, урлаг, гоо сайхны сэтгэлгээтэй уран бүтээлч, судлаачид бэлтгэх шаардлага тулгарч байна” гэв.

Энэ үеэр эрдэмтэн, судлаач багш нарын хамтран бүтээсэн “Монголын театрын дээд боловсрол-60” номын нээлт болсон юм. Эл бүтээл нь Монгол Улсад драмын урлаг үүсч хөгжсөн, энэ салбарт өндөр мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн, театрын мэргэжлийн байгууллага бий болж бэхэжсэн цогц үйл явдлыг цаг хугацаа, орон зайн түүхэн бодит баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй судлан тоймлосон анхны бүтээл болж, монгол, англи хэлээр хэвлэсэн байна.
 
Энэхүү бүтээлд Монголд театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 60 жилийн түүхэн үйл явцыг театрын дээд боловсролын эхэн үе /1957-1970/, хурдтай хөгжлийн үе /1971-1990/, өөрчлөлт шинэчлэлт, олон тулгуурт хөгжлийн үе /1991-2017/ гэж ангилан авч үзжээ. 

Үзэсгэлэн, номын нээлтэд театр, дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дүр бүтээсэн үе үеийн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд