top banner
Шуурхай мэдээ

Европчуудын олонхи нь Оростой харилцаагаа сайжруулахыг хүсдэг болохыг санал асуулгын дүн харуулжээ


2017-11-23 17:15:44
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Герман, Польш, Франц, Их Британи улсын оршин суугчдын үнэмлэхүй олонхи нь Орос улс болон Европын Холбооны харилцаа ойрын ирээдүйд сайжраасай гэж хүсч байгааг олон нийтийн санаа бодлыг судалдаг Францын “IFop” компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Германы оршин суугчдын 87, Францын 79, Польшийн 85, Их Британийн 68 хувь нь Оростой харилцаагаа аль болох хурдан сайжруулахыг дэмжсэн байна.
 
Герман болон Польшийн зүүний үзэл баримтлагчид уг санааг илүү дэмжиж байсан бол Францын “Бүгд найрамдах улс урагшаа” социал-либерал нам, “Барууны үзэлт хүчний" болон төвч үзэлт “Ардчилсан хөдөлгөөн”  намын сонгогчид энэ байр суурийг идэвхтэй дэмжжээ. Харин Европын Холбооноос гарч буй Их Британийн Оростой харилцаагаа сэргээх санааг дэмжиж буй хүмүүсийн дийлэнх нь ардчилсан либерал үзэлтнүүд  байсан аж.

Оростой харилцаагаа сайжруулахыг Их Британи, Герман болон Франц улсын дээд боловсролтой эрчүүд илүү дэмжиж байсан бол санал асуулгад хамрагдсан нийт орны хувьд  65-с дээш насныхан уг санааг илүү үнэлсэн байна. Санал асуулгыг 9 дүгээр сарын 20-27-нд явуулсан бөгөөд уг санал асуулгад 18-с дээш насны 3228 хүн оролцжээ.
Э. Аянзаяа

Монгол брэнд