top banner
Шуурхай мэдээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 4.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна


2017-11-24 14:00:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Нийслэлийн 2017 оны төсвийн орлого өнгөрсөн сарын эцсийн байдлаар 34.3 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн энэ оны 11, 12 дугаар сард орох төсвийн орлого 4 тэрбум гаруй төгрөгөөр тасрах төлөвтэй байгаа юм. Энэ нь иргэдийн хадгаламжийн хүүгээс авах татвар, өмч хувьчлал, газрын дуудлага худалдаанаас босгохоор төлөвлөөд байсан орлого тасалдсантай холбоотой аж. Тиймээс 2017 онд нийслэлийн төсвөөр хийхээр төлөвлөсөн арга хэмжээнээс гэрээ байгуулаагүй, худалдан авах арга хэмжээг зарлаагүй төсөл, ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа төслүүдийн санхүүжилтийг бууруулж, 2018 оны төсөвт шилжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Хотын дарга С.Батболд танилцуулав.

Тухайлбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлсөн ч гэрээ байгуулаагүй 4 төслийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2018 онд шилжүүлэх, автозамын салбарт хэрэгжих гурван төслийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс хасахаар төлөвлөсөн байна. Эдгээр хөрөнгийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай чухал төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулах аж. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 4.6 тэрбум төгрөг нэмж тусгах, “Монгол наадам цогцолбор”-ын халаалтын асуудлыг шийдвэрлэхэд 150 сая, “Халамжийн орон сууц”-ны барилгад 678 сая төгрөг, өмнөх онуудад концессийн гэрээгээр хэрэгжүүлсэн төслүүдийн өрийг дарахад 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна. Тухайлбал, Н.Батсүмбэрэл төлөөлөгч, “Энэ онд нийслэл 30 гаруй тэрбум төгрөгийн концессын гэрээний өр төлбөр төлсөн. Одоо хэдэн төгрөг үлдсэн бэ. Агаарын бохирдлыг бууруулахад 4.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байсан. Одоо дахин 4.6 тэрбум төгрөг нэмж суулгаж байна. Энэ хөрөнгийг хэрхэн зарцуулснаа 2017 оны төгсгөлд олон нийтэд танилцуулах шаардлагатай” хэмээв.

Одоогоор концессын гэрээгээр эргэн төлөх төлбөр 33.4 тэрбум төгрөг байгаа юм. Тиймээс төсвийн тодотголд тусгасан хэмнэлтээс 15 тэрбум төгрөгийг нь төлөхөөр төлөвлөсөн гэдгийг Хотын дарга тайлбарлав.

Мөн  М.Халиунбат төлөөлөгч, “2013 онд эхэлсэн “Халамжийн орон сууц”-ны барилга хэзээ дуусах вэ. Жил бүр л 400-600 сая төгрөг нэмж авдаг боллоо” гэлээ.

Хотын дарга С.Батболд, “Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд баригдаж буй “Халамжийн орон сууц” нь ахмадуудыг орон сууцаар хангах зорилготой бөгөөд өнгөрсөн онд эхний 14 давхар барилга ашиглалтад орсон. Гэтэл энэ орон сууцны анхны зураг төсөлд 12-15 давхар барилгыг цахилгаан шатгүй байхаар төлөвлөснөөс гадна ихэвчлэн 3-4 өрөө байсан. Энэ байранд ахмадууд орох болохоос баян тансаг хүн амьдрахгүй тул би өрөөнүүдийг нь 1-2 болго гэсэн үүрэг өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор зардал тодорхой хувиар нэмэгдэж байгаа” гэв.
Хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд