top banner
Шуурхай мэдээ

Биткойн: Дамлах хийрхэл үү эсвэл технологийн хувьсгал уу?


2017-11-24 15:20:41
Зураг
Биткойны ханш зогсолтгүй өссөөр 11 дүгээр 21-ний өдөр 8000 долларын босгыг давлаа. Энэхүү технологийн хувьсгал нь мэргэжлийн хүрээнийхэн болон жирийн иргэдийн хувьд ямар үр дагавартай вэ гэдэгт ноён Лоран Гайяр (Laurent Gayard) дүн шинжилгээ хийж, нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна. 
 
Биткойны ханшны улангасан галзуурсан мэт өсөлт зогсох шинж алга. Энэхүү цахим валютын зөвхөн нэр нь л гэхэд биржүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд жинхэнэ ёсоор хөөрлийг бий болгодог бөгөөд 21-ний өдөр түүний ханш 8000 долларын босгыг давлаа. Гэтэл 6 дугаар сард ханш 6000 доллар байсан билээ.
 
Харин 2010 онд нэг биткойн нь ганцхан доллартой тэнцдэг байсныг эргэн санацгаая. Түүний ханшийн өсөлт нь үнэхээрийн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаа хэдий ч 2011 болон 2013 онд ханш огцом унаж байсныг мартах ёсгүй.
 
2017 он гарангуут эхэлсэн галзуурсан мэт өсөлт ба ханш 8000 доллароос давсан явдал нь “тоон валютын бурхан”-нд цөхрөлтгүй итгэж буй хүмүүсийн хувьд “удахгүй саятан болно доо” гэх итгэл мөрөөдлийг нь улам лавшруулж байна.
 
Харин зарим ажиглагчдын үзэж байгаагаар, тун удахгүй дамын наймааны хөөс ээлжит удаагаа хагарах аж. Тэдний дүгнэснээр, үнэн хэрэгтээ бол 70 орчим хөрөнгө оруулалтын сангаас бүрдсэн бүлгийн шийдвэрээс биткойны ханшийн хэлбэлзэл шалтгаалдаг бөгөөд эдгээр сангууд ханшийг өөрийн үзэмжээр өсгөж, буулгаж байдаг болой.


 
Үнэнийг хэлэхэд, биткойнтой холбоотой өнөөгийн нөхцөл байдал нь 1990-ээд оны үед интернэт дөнгөж хөгжиж эхэлж байх үе бий болж байсан хөөрлөөс ялгагдахааргүй байна. Ихэнх хүмүүсийн хувьд ойлгоход түвэгтэй шинэ технологи, дамлах хийрхлийн сүйрэл, бүрхэг боловч санаа бодлыг гэгэлзүүлсэн хэтийн төлөв нь хоёр тохиолдлын хоёуланд нь байгааг бид ажиглан харж байна.
 
Ингээд интернэтийн анхны хөөс 2000 оны 3 дугаар сард хагарах үед маш олон хөрөнгө оруулагчид эвдэрхий тэвшний дэргэд хоосрон үлдсэн билээ. Маш бага хугацаанд “хоосон агаар”-аас олж авсан мөнгөө авч үлдэж чадсан нь тун цөөхөн. 1995-2000 оны хугацаанд тэдний олсон орлогын хэмжээ 145 тэрбум долларт хүрсэн боловч 2000-2001 онд хүлээсэн алдагдал нь 148 тэрбум доллар байжээ.  
 
Дамлах хийрхлийн түүдэг гал нь хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох гэсэн мөрөөдлийг үгүй хийснээр нийгмийн сүлжээ, ухаалаг гар утас, эд зүйлсийн интернэт зэрэг бидний амьдралыг өөрчилсөн технологийн хувьсгал өрнөх замыг нээн цэвэрлэж өгсөн билээ.
 
Яг ийм технологийн үсрэлт олныг шуугиулж буй биткойнтой холбоотойгоор дахин гарч магадгүй байна. Биткойн хэмээх энэхүү виртуаль модны ард эдийн засаг болон өдөр тутмын амьдралд “блокчейн” зарчмыг бодитойгоор хэрэглэх боломжийг агуулж буй бүхэл бүтэн ой нуугдаж байгаа юм. Криптовалют хэмээх төдийлөн тодорхойгүй зүйлийн ард чухам юу нуугдаж байна вэ? Үүний хариулт тодорхой. Энэ бол алгоритм. Гэхдээ үүнийг тайлбарлахад жаахан хэцүү л дээ.
 
2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн metzdow.com цахим хуудсанд биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлсэн юм. Bitcoin гэдэг нь англи хэлний coin буюу зоос гэсэн үг, bit буюу бинар үйлдлийн дарааллын хамгийн бага нэгж гэсэн үгнээс бүтжээ. Нэрнээс нь харвал, биткойн нь гуравдагч талыг оролцуулахгүйгээр p2p системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют гэдэг нь тодорхой болно. Биткойноор гүйлгээ хийхэд гуравдагч талын оролцоо огт хэрэггүй бөгөөд түүний үүргийг математик алгоритмууд гүйцэтгэж байгаа юм. Алгоритмууд нь огноо, цаг хугацаа, мөнгөний хэмжээг криптографик хэлбэрээр “блокчейн” хэмээх өгөгдлийн санд бичиж тэмдэглэнэ. Төр болон банкны оролцоогүйгээр, ямар ч асуудалгүйгээр үүнийг хийнэ. Энэ бол биткойны зарчим юм.
 
Хэрвээ та биткойныг ашиглан сүлжээнд гүйлгээ хийж байгаа бол энэхүү төлбөрийн систем нь худалдагч болон худалдан авагчийн нууцыг баталгаатайгаар хадгална. Биткойноос гадна блокчейний зарчим бүхий Ether, Litecoin, Dash, Zerocoin, Monero зэрэг өөр олон цахим валютууд бий. Зөвхөн 2017 онд гэхэд coinmarketcap.com цахим хуудсанд 900 гаруй цахим валют бүртгэгдсэн байлаа. Олон жилийн туршид тоон валютыг интернэтийн сөрөг муу тал болон алдарт Tor нууц сүлжээтэй холбон ойлгож байв. Гэтэл биткойныг тойрсон биржийн халуурал нь төлбөр тооцооны шинэ хэрэгслүүдийн талаарх огт өөр, илүү өргөн ойлголтыг бий болгож байгаа юм.


 
Үүний зэрэгцээ блокчейн зарчим нь зөвхөн интернэт орчин дахь гүйлгээгээр хязгаарлагдахгүй. 12 дугаар сарын 7-нд Парис хотод болох гэж буй Blockchain Agora чуулга уулзалтыг зохион байгуулагчдын тодорхойлж хэлснээр бол “блокчейн гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн том номон дахь бүхий л гүйлгээний төвлөрсөн бус, бүрэн төгс бүртгэлийн түүх бөгөөд өөр хоорондоо холбогдсон блокуудоос тогтдог” ажээ.  Энэ нь судалгааны ажлууд болон судалгааны тооцоололд ч мөн адил хамаатай. Судалгааны болон инновацийн үйл ажиллагаанд хамаатай бүхнийг индексчилж, блокчейний зарчмаар нууц түлхүүр үг ашиглан хадгална. Ингэснээр зохиогчид, эрдэмтдийн бүтээлийг бохир аргаар ажилладаг хувийн болон төрийн байгууллагууд хулгайлж чадахгүй гэдгийн баталгаа болох юм. Үүний үр дүнд оюуны өмчийн салбар нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөх болно.  
 
Өдгөө хятадууд биткойны “mining”-ийн салбарт тэргүүлж байгаа бөгөөд тусгай “фермүүд” байгуулж байна. Эдгээр фермүүдийг ашиглан өдөр бүр тооцоолон бодох хүчин чадлаа дэлхийн биткойны сүлжээнд нийлүүлснийхээ хариуд хэдэн зуу, хэдэн мянган биткойныг бий болгож байгаа юм. Европчууд ч мөн адил хоцорч үлдэхийг хүсэхгүй байгаа бөгөөд биткойнтой холбоотой технологийн болзошгүй үр дагаврыг няхуур судалж байна. 12 дугаар сарын 7-нд Парис хотод Blockchain Agora чуулга уулзалтыг зохион байгуулах гэж буйн учир шалтгаан чухам үүнд оршино. Хурдтай хөгжиж буй тоон эдийн засгийн салбарт хамаарах хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцох юм.
 
Интернэтийн сүлжээ нь хүмүүсийн хувийн амьдралд улам ихээр дайран нэвтэрч байгаа явдлаас хамгаалах арга, хувь хүмүүсийн өгөгдлүүдийг хянах явдлыг эргэн сэргээх арга нь шинэ технологид бий юу гэдгийг чуулга уулзалтад оролцогчид эрж хайн хэлэлцэх болно.
 
Б.Адъяахүү

Эх сурвалж: http://www.lefigaro.fr/vox/economie/2017/11/21/31007-20171121ARTFIG00131-bitcoin-hysterie-speculative-ou-revolution-technologique.php



Монгол брэнд