top banner
Шуурхай мэдээ

Арилжааны банкууд 242 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ


2017-11-24 16:40:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Банкуудын өрсөлдөөний тойм" III улирлын тайланг гаргажээ.

Банкны салбарт нийт 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дээрх тайланд 13 арилжааны банкны үзүүлэлтийг тоймлосон байна. III улирлын байдлаар тайланд орсон 13 арилжааны банкууд санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр нийт 242 тэрбум төгрөгийн ашигтай  ажиллажээ.

Тайланд орсон 13 банкны хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 105 тэрбум төгрөгөөр илүү ашигтай ажиллаж байна.

Тодруулбал том ангилалд багтаж буй гурван банк 64 хувиар, дунд ангиллын гурван банк 67 хувиар тус бүр ашгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол жижиг банкуудын ашиг 26 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Улмаар 13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 15.2 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны тодорхойлсноор системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, ХХБ, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтжээ. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй аж.

Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглажээ. Дээрх 13 банкны нийт зээл  энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 12. 6 их наяд  төгрөгтэй тэнцэж байна. Өмнөх оны мөн үеэс томоохон гурван банк 4,2 хувиар, дунд гурван банк 16.5 хувиар, жижиг банкууд 42 хувиар  зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Б.Заяа

Монгол брэнд