top banner
Шуурхай мэдээ

21 аймгийг Нийслэлтэй холбох ажил ирэх хоёр жилд бүрэн хэрэгжиж дуусна


2017-11-24 17:28:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ЗТХЯ-нд ажиллав.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2008-2012 онд Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан. Тиймээс тухайн үед эхлүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, хэрэгжилтийн талаар одоогийн удирдлагуудад мэдээлэл, үүрэг чиглэл өгөх зорилгоор ЗТХЯ-нд ажиллаж байна гэлээ. 
Тэрбээр, “Одоогийн ЗТХЯ бол миний улс төрд ороод удирдаж байсан анхны яам. Тухайн үед АН болон МАН хамтарсан Засгийн газар байгуулах үед одоогийн сайд Ж.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа миний бие 21 аймгийг Нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж, Азийн хөгжлийн банктай хамтран зураг төслийг нь боловсруулж байсан. Энэ төсөл одоо төгсгөлийн шатандаа орсон. Одоогоор 5 аймаг л нийслэлтэй холбогдох үлдсэн. Мөн шинэ буюу Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг байгуулах ажлыг эхлүүлж байлаа. Энэ бол орхигдоод буй аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа. Ирэх онд бүрэн ашиглалтад орох байх.Намайг сайдаар ажиллаж байхад ОХУ, БНХАУ хоорондоо жилд 30 тэрбум ам.долларын худалдаа хийдэг байсан. Энэхүү худалдааг хөгжүүлэх, өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зорилгоор Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны замыг байгуулах ажлыг эхлүүлж байсан юм. Үүний хүчинд ОХУ, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрэх зорилт тавин ажиллаж байна. Мөн анх удаа Монгол Улс Төмөр замын хөгжлийн бодлогыг боловсруулж, батлуулсан. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа тус улсаас авах 100 тэрбум рублийн зээлийг Улаанбаатар төмөр зам ХНН-т зарцуулах санал тавьсан. Энэ бүх ажилд надтай гар нийлэн ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ одоогийн сайдаар ажиллаж байгаад туйлын баяртай байна” хэмээв.
Мөн тэрбээр өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхны хурал болсныг дурьдлаа. Монгол Улсын хувьд ажилгүйдэл, ядуурал тулгамдсан асуудал болоод байгаа тул өнөөдрийн хуралдааны үеэр дээрх асуудлыг түлхүү хэлэлцсэн байна. Энэхүү асуудлыг дэд бүтэц тэр дундаа зам тээврийн салбар ихээхэн нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч онцлоод, “Бид гадны аль нэг улсаас зээл авч, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийдэг. Мөн бүтээн байгуулалтын ажлаа мөн л гадны компанид даатгадаг. Тухайн компани өөрсдийн орноос ажиллах хүчээ оруулж ирж, бидний зээлээр ажилчдаа цалинжуулаад буцдаг. Тиймээс бид энэ бодлогыг өөрчлөн, бүтээн байгуулалтаа дотоодын аж ахуйн нэгжүүдээр хийлгэх хэрэгтэй юм. Монголын иргэд томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилдөө манлайлан оролцох ёстой” гэлээ.

Төрийн ажил залгамж чанартай байх ёстой тул 2008-2012 онд эхлүүлсэн томоохон ажлууд өнөөдрийг хүртэл тууштай үргэлжилж байгаа гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тухайлбал, 21 аймгийг нийслэлтэй холбох ажил ирэх хоёр жилд бүрэн хэрэгжиж дуусах аж. Мөн Шинэ нисэх буудлыг хөгжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлд ЗТХЯ, Япон улстай нягт хамтран ажиллаж байна. Энэ бүх иргэдийг ажлын байраар хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдэж байгааг дурьдсан юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд