top banner
Шуурхай мэдээ

Монгол хүүхдүүдийн гэрэл, сүүдэр НҮБ-ын хүүхдийнэрхийн хороонд


2017-11-24 18:11:53
Зураг
Хүний эрхийн томоохон салаа мөчир нь хүүхдийн эрх гэж  НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид тодорхойлжээ. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг сануулсан байх жишээтэй. Монгол Улсын Үндсэн хуульд 0-18 насныхныг хүүхэд  гэж зааж өгсөн байдаг.  Эндээс хүүхдийн дээд ашиг сонихол гэдэг ойлголт урган гарч ирлээ гэж хэлж болно. Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь хүүхэд хэнтэйгээ амьдрах, хэнээс дэмжлэг туслалцаа авах, эцэг эхтэйгээ харилцах зэргийг үл хязгаарлахтай холбоотой эрх зүйн ойлголт юм.  

Энэ талаар Засгийн газрын Үндэсний тавдугаар илтгэлд, Шүүх шинэчлэлийн багц хуулийг  2013 онд  баталсан юм. Энэ хуульд бие даасан шүүх байгуулж болох тухай заалт оржээ. Иймээс хүүхдийн тусгай шүүх байгуулах эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно. Сүүлийн 7 жилд  хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангах, хамгаалах үүднээс 52 иргэн эцэг, эх байх эрхээ шүүхээр хасуулсан байна. Улмаар ЦЕГ 2009 онд 261, 2010 онд 290, 2011 онд 418, 2012 онд 382, 2013 онд 464 хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд хамруулсан гэж дурдсан байна. Тайланд, бэлгийн мөлжлөг, хүний наймааны талаар дурдсан тоо баримтыг авч үзье.

Тухайлбал, 2009-2013 онд 113 хохирогчтой хүний наймааны 94 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 54 хохирогч БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Макао, Хайнана зэрэг газарт, Солонгос, Сингапур, Энэтхэг, Египет, Африк зэрэг улсад худалдагдсан, тэдгээрийн 41 нь 16-17 насны хүүхэд байсан байна. Харин үлдсэн 40  хэргийн хохирогч нь эх орондоо хүний наймааны хохирогч болсон гэжээ. Мөн 2013 онд 11 настай хүүхдийг хулгайлан жилийн хугацаанд хөдөө мал маллуулжээ. Түүнд прокурор эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүллээ.

НҮБ-ын хүүхдийн эрхийн хороонд таван жилд нэг удаа Засгийн газар Үндэсний илтгэл  илгээдэг. Тавдугаар  илтгэлийг 2015 онд илгээсэн, энд 2009- 2014 оны тоо баримт орсон гэж хэлэх нь зөв болов уу. НҮБ-ын хүүхдийн эрхийн хороо энэ оны тавдугаар сард хэлэлцэж, зургаадугаар  сард зөвлөмж дүгнэлтээ ирүүлсэн байна. Засгийн газраас гадна хүүхдийн эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд сүүдрийн илтгэл тус хороонд илгээдэг. Сүүдрийн илтгэлийг “ Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний сүлжээ, Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр, Дэлхийн зөн ОУБ  зэрэг долоон байгууллага хамтран бэлтгэжээ. Хоёр илтгэлийг хамтад нь хэлэлцээд нэгдсэн зөвлөмж дүгнэлт гаргадаг ажээ. Илтгэлүүдэд хурдан морины уралдаанч хүүхдүүдийн талаар хэрхэн тусгасан  талаар авч үзье.

Төв орон нутгийн хүүхдийн байгууллагын мэдээллээс харахад жилд 10 мянган хүүхэд зуны амралтаараа  морь унаж уралдаанд оролцдог, оролцогчдын 0.04 хувь нь хүнд, хүндэвтэр гэмтэж, зохих үйлчилгээг авсан байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн 50 хувь нь 7-9 насандаа, 31 хувь нь 7 нас хүрэхээс өмнө, 20 хувь нь 10 ба түүнээс хойш насандаа хурдны морь унаж уралджээ. Хурдны морь эхэлж  унаж буй хүүхдийн  дундаж  нас  8 байна.

ҮСХ-ны 2014 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хурдан морьны уралдаанч хүүхдийн талаар бүлэг асуулт оруулж дүнг гаргахад улсын хэмжээнд 4-15 насны нийт хүүхдийн 5 хувь нь  2012 оны 11 сараас нэг жил хүртэл хугацаанд хурдан морь унасан байна. 4-15 насны хөвгүүдийн 10, охидын нэг хувь нь хурдан морь унажээ. Хурдан морины хүүхдийн тал нь хамгийн сүүлд хурдан морь зайдан унаж уралдсан байна. Морь зайдан унах нь 10-15 насны  хүүхдэд  элбэг /60хувь/ тохиолдог гэж Засгийн газар илтгэжээ.

Тэгвэл ТББ-уудын илтгэлд энэ талаар, Гэмтэл согог судлал, сэргээн засалтын клиник эмнэлэг (ГССЗКЭ)-т 2009 оны 8 дугаар сард уралдааны мориноос унаж эмчлүүлсэн 158 хүүхдийн 32,9 хувь нь Улаанбаатар хотын, 67.1 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүд байна. Хүүхдүүдийн 94.3 хувь нь уралдааны замд мориноос унах үедээ гэмтсэн. Тэдний гурав нь  мориндоо чирэгдсэн, хоёр нь  мориндоо гишгүүлж бэртсэн, нэг нь морьтойгоо машинд мөргүүлсэн байна.  Хурдны морь унах хүүхдийн ажил уралдааны өдрүүдээр хязгаарлагдахгүй зуны 2-3 сар үргэлжилдэг. Монголын цаг агаар эрс тэс ширүүн ба өдөр шөнийн температурын зөрөө их байдаг. Ихэнх уралдаанууд жилийн хамгийн халуун болох 7, 8 дугаар сар, эсвэл хамгийн хүйтэн 1, 2 дугаар сард болдог.

Хурдны морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг “Баяр наадмын хурдан морийг  долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэг заалтаар хамгаалдаг. Энэ заалт зөвхөн долдугаар сарын 11-13-нд болдог Үндэсний баяр, наадмын уралдаантай холбоотой заалт бөгөөд бусад цаг үед болж байгаа том, жижиг наадмууд хуулийн зохицуулалтгүй  гэсэн байна.

НҮБ-ын хүүхдийн эрхийн хороо энэ талаар ”Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараа оны тавдугаар сарын 1-ний хооронд 16 хүртэлх насны хүүхдээр  хурдны морь унуулж уралдуулахыг хориглох, уг заалтыг хэрэгжүүлж мөрдөх  тухай зөвлөсөн байх юм. Тус хороо  найман чиглэлээр дүгнэлт гаргаж зөвлөмж илгээхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх хамгааллыг хуулийн дагуу хийхдээ  тус салбарт жилд хуваарилагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хүрэлцээтэй тоног төхөөрөмж, санхүү, хүний нөөцтэй болохыг зөвлөсөн байна. 

Монгол Улсын хүүхдийн талаар явуулдаг бодлого, авч хэрэгжүүлдэг, арга хэмжээ, болсон   явдал  тоо баримт гэрэлтэй сүүдэртэйгээ олон улсын мэргэшсэн байгууллагад танилцуулагддаг юм байна. Тус дүгнэлт зөвлөмжийг танилцуулж байгаа ТББ-ын төлөөллүүдийн ярьж байгаагаас харахад манай улсад  тоо бүртгэлийн нэгдсэн сан байдаггүй. Хүүхдийн эрхийг хангаж ажиллах үүрэгтэй төрийн захиргааны байгууллагуудаас зөрөөтэй тоо баримт гардаг гэнэ. Халамжийн салбараас л гэхэд зөвхөн халамжид хамрагдсан иргэдийн тоо гардаг. Боловсролын салбарт зөвхөн сургуульд хамрагдаж байгаа хүүхдийн тоо гардаг гэж тэд хэлж байна. Олон улсын хүүхдийн эрхийн хороонд монголчууд ямар хүрээний мэдээ, мэдээлэл багтаасан илтгэл явуулдаг, тэд бидэнд ямар зөвлөмж дүгнэлт ирүүлдэг талаар  хоёрхон жишээ дурдахад ийм байна.                                                                                                                                    Г. Эрдэнэбат
 

Монгол брэнд