top banner
Шуурхай мэдээ

Финландын компани шавьжаар талх хийж байна


2017-11-25 13:11:40
Зураг
ХЕЛЬСИНКИ. /Эн-Эйч-Кэй/. Финландын талх, нарийн боов үйлдвэрлэгч нэгэн компани өлсгөлөнтэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд шавьжаар хийсэн талх худалдаанд гаргалаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

“Фазер” компани хатаасан хүрэлзгэнээр хийсэн гурилаараа талх үйлдвэрлэж, баасан гарагаас буюу өчигдрөөс Финландын нийслэл Хельсинки хот дахь 11 салбар дэлгүүртээ борлуулж эхэлсэн байна. Ирэх оноос тус компани өөрийн бүх салбарт дэлгүүртээ буюу 47 дэлгүүрт ийм талхыг борлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Нэг талх хийхэд 70 орчим тооны хүрэлзгэнэ шаардлагатай аж. Ийм талх нь жирийн цагаан гурилын талхнаас илүү шим тэжээлтэй гэнэ. Мөн ийм талх нь 3.99 еврогийн үнэтэй буюу жирийн талхнаас хоёр дахин өндөр үнэтэй байна.

“Фазер” компанийн үйлдвэрлэсэн талхыг идэж үзсэн нэгэн эмэгтэй “Жирийн талхнаас ялгагдах юм огт алга. Маш сайхан амттай талх байна” гэж ярьжээ.

Тус компани шавьжаар өнгөрсөн зунаас талх хийж эхэлсэн аж. Гэхдээ тус компани энэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахын тулд Финландад шавьжаар хүнсний бүтэгдээхүүн хийж, зах зээлд гаргахыг хуулиар зөвшөөрөхийг хүлээх шаардлагатай болсон гэнэ.

Харин энэ сарын эхээр Финланд улс шавьжаар хийсэн хүнсий бүтээдэхүүнүүдийг зах зээлд гаргахыг зөвшөөрсөн хууль баталжээ. Тус улсын нэгэн адил шавьжаар хүнсний бүтээгдэхүүн хийж, худалдаанд гаргахыг Их Британи, Нидерланд, Австри, Бельги болон Дани гэсэн Европын таван улс хуулиар зөвшөөрөөд байгаа ажээ.

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор шавьжийг “хүнсний эх үүсвэр” болгон ашиглахыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага улс орнуудад уриалсаар байгаа юм. Тус байгууллагын мэдэгдсэнээр, шавьж нь мал амьтны махнаас ч дутахааргүй тэжээллэг чанартай байдаг гэнэ. Дэлхийн олон улс оронд шавьжийг хүнсний хэрэгцээнд эртнээс ашиглаж ирсэн ч Өрнөдийн улсууд шавьжийг хүнсэнд хэрэглэхийг төдийлөн таашаадаггүй юм.
Г.Доржханд




Монгол брэнд