top banner
Шуурхай мэдээ

Био бордоо боловсруулах үйлдвэр байгуулна


2017-11-28 12:45:14
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Мөнхсоёл, Японы талаас Ю.Хасегова, Ч.Ханаока нарын зэрэг хүмүүс хамтран ажиллаж, био  бордооны түүхий эд боловсруулах үйлдвэр барихаар гэрээ байгуулжээ.
Баянхонгор аймаг дахь "Өлзийт" МСҮТ-д Японы Жайка төслийн шугамаар 3.5 жил хамтран ажилласан Ю.Хасеговад санал тависнаар Бордооны үйлдвэр байгуулах эхний алхам ийнхүү тавигдлаа. Эрдэмтэн Ч.Ханаока нь хог хаягдлаас бордоо гаргах технологи боловсруулж, патентжуулсан хүн юм байна.
Баянхонгор сумын хэмжээнд өдөрт дунджаар 50 тонн хог гардаг аж.  Хамтын ажиллагааны хүрээнд тус хогийг өндөр технологид тулгуурлан боловсруулж, био бордоо гаргаж авах үйлдвэр байгуулах юм. Энэ үйлдвэрийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хог хаягдал устгах, шинэ нэгдсэн хогийн цэгийг 2011 онд байгуулсан байдаг. Манаачийн байр бүхий ландфилийн аргаар хогийг дарж, булшлах нэгдсэн хогийн цэгийг байгуулахад нийтдээ 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Эл хогийн цэг аймгийн төвөөс баруун тийш арав гаруй км-т зайд Баян-Овоо сумын баруун жалга хэмээх газарт байрлаж байна.
Хогийн нэгдсэн цэг байгуулсан ч байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлдэггүй, хогийг ангилан ялгадаггүй, ландфилийн аргаар дарж булшилдаггүй, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй зэрэг зөрчил арилаагүй байна. Энэ талаар холбогдох байгууллагынхан сануулсаар ирсэн ч өнөө хэр тус байдал хэвээр байгаа юм.
                                                                                                           Б.Мөнхзул

Монгол брэнд