top banner
Шуурхай мэдээ

Хүүхдийн эрхийн хамгаалал ба дотуур байр


2017-11-28 17:04:03
Зураг
Хүүхдийн төлөө үндэсний газар. (ХТҮГ)-аас 2014 онд “Сургуулийн дотуур байрны хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн  нөхцөл байдал”-ын судалгаа хийжээ. 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн 506 дотуур байранд 36130 хүүхэд амьдарч байсны 90 хувь нь малчдын хүүхэд байжээ. Судалгаанд хамрагдсан дотуур байрны хоёр хүүхэд тутмын нэгийг нь төрх байдал, хувцаслалт, амьжиргааны түвшин, сурлагын байдал зэргээс хамаарч, нэр,хоч зүүж тэднийг эвгүй байдалд оруулдаг гэж НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд илгээсэн Засгийн газрын Үндэсний тавдугаар илтгэлд тэмдэглэжээ.

Шинэ Монгол Улсын засгийн газар 1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож тогтоол гаргаж байжээ. Энэ тогтоол батлагдсанаас хойш 2 жилийн дараа  Улаанбаатар хотын 1 дүгээр  сургууль  1923 онд тулгын чулуугаа тулжээ. Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль (ЕБС)- ийн тогтолцоог 1921-1940 оны хооронд бий болсон гэж үздэг. Сургуулиуд байгуулахтай зэрэгцээд дотуур байр бий болж нүүдэлчдийн шинэ үеийг боловсролтой болгох нийгмийн дэд бүтэц бүрэлджээ. Тухайн үед дотуур байрны хүүхдийн  сурлага, хүмүүжилд нь  ач холбогдол өгдөг, тэдний   эрх хамгаалалын талаар тодорхой зүйл яригдаж байгаагүй гэж ахмадууд ярьдаг юм.

Нийгмийн хөгжлийн дагуу сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн орчинг илүү сайн болгох талаас нь авч үзэж хүүхдийн эрхийн хамгаалалт талаас нь  одоо их ярих болжээ.Судалгаагаар дотуур байрны хүүхдийн дунд хүчирхийллийн хэлбэр болох айлган сүрдүүлэх 16.9, зодох 12.5, дооглох 22.9, тохуурхах14.3, гадуурхах 17.9, бүлэглэн гадуурхах 18,6  хувьтай  байгааг тогтоосон аж. Малчдын хүүхэд эцэг, эхээсээ хол, жилийн 224-245 хоногийг буюу 9 cap дотуур байранд амьдарч зохих түвшний боловсрол эзэмшдэг. Улсын төсвөөс дотуур байрны хүүхдийн хоолны зардалд жилд 21-24.3 тэрбум төгрөг зарцуулдаг юм.

Хүүхдийн эрхийн хамгааллын талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын илтгэлд, “Боловсролын тухай “ хуульд хүүхдийн бие махбодод халдахгүй байх тухай заалт бий. Энэ хуульд гэр, бүлийн болон бусад орчинд хүүхдийг зодож болохгүй гэсэн шууд зохицуулалт байхгүй. Өмнө нь хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад хүүхдийн бие махбодын шийтгэл гэр бүл, цэцэрлэг,  ЕБС-ийн  дотуур байранд зонхилдог байв. Энэ байдал одоо ч хэвээрээ байна. Сэтгэл зүйн болон бие махбодын шийтгэл хүлээсэн 1-14 насны хүүхэд ( судалгаанаас өмнөх 1 сарын хугацаанд) улсын хэмжээнд 46.9 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт юм. Сургуулийн дотуур байранд багш, байрны багш, ажилчид хүүхдийг даалгавараа хийгээгүй, үймүүлсэн, үгэнд ороогүй гэх мэт шалтгаанаар цохих (39 хувь), чимхэх (32.5 хувь), тохиолдол гардаг байна. Дотуур байр сургуулийн орчинд хүүхдийг цохих, доромжлох явдал байх бөгөөд үүнд хүүхэд буруутай гэсэн хандлага хэвшил болжээ. Ийм арга хэрэглэх нь ирээдүйд түүнийг сайн хүн болоход нь туслаж байгаа гэж багш, асран хамгаалагчид үздэг. Энэ нь дотуур байрны багш ажилтнууд хүүхдийн эрхийн талаар зохих мэдлэггүйг харуулж байна гэж дурджээ.

Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмжид , эцэг эхийн хараа хяналтгүй нөхцөлд амьдарч буй дотуур байрны хүүхдийг асран хамгаалж буй мэргэжилтнүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэхэд хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгаалалын үр дүнтэй тогтолцоотой болохыг шаардсан шаардлага  багтаажээ.

Ерөнхий боловсролын сургуульд 2008-2009 оны хичээлийн жилээс 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэх болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч 2014 оны 07 сарын 09-нд  “...дотуур байранд суух зургаан настай хүүхдийг эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш ажиллуулах асуудлыг орон нутгийн нөөц бололцоо ашиглан шийдвэрлэх...” тухай зарлиг гаргаж Засгийн газарт чиглэл өгчээ.

Сүүлийн үед дотуур байрны 6-8 настай хүүхэд хүлээн авдаг шинэ нөхцөлд тохируулан зарим Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд асрагч багшийг ажиллуулж эхэлсэн байна. Ингэснээр асрагч багш нар 6-8 настай хүүхдүүдэд шаардлагатай үйлчилгээг үзүүлж гэртээ байгаа мэт байх нөхцөлийг бүрдүүлж эхэлжээ. Ингэснээр дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн 18 хувийг 6-8 насныхан эзлэх болсон байна.  Харин дотуур байрны хүүхдүүд ихэнх буюу 74 хувь нь 1990 оноос өмнө баригдсан, 26 хувь нь 1990 оноос хойш баригдсан байшинд амьдарч байна.

Яруу найрагч Ч. Мягмарсүрэнгийн “Байрны хүүхэд” шүлгэнд
Байрны хүүхэд барилдаанч
Бас дээр нь уралдаанч
Өвдөг тохой нь шалбархай
Өмсөж сүүсэн нь салбархай гэсэн дүрслэл байдаг. Энэ бол сумын дунд сургуулийн дотуур байрны 1970-аад оны  хөвгүүдийн ерөнхий дүр төрх юм. Харин одоо шинэ зууны ЕБС-ийн дотуур байрны хүүхдүүд ийм дүр төрхтэй байж болохгүй. Тэдний өвдөг, тохой нь шалбархай явах юм бол бие махбодын шийтгэлд өртсөн  гэж үзнэ. Өмсөж зүүсэн нь салбархай явах юм бол, үеийнхээ нөхдөд   дорд үзэгдэнэ.
Ер нь  олон хүүхэд хамардаг боловсролын салбарынхан хүүхдийн эрхийг ярихаас илүү,  үүргийг  сануулж байхыг чухалчилдаг гэж хүүхдийн эрхийг хангах талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан ярих юм. Тэд хүүхдэд үүргийг нь байнга сануулах нь албадлага хэрэглэхийн анхны дохио гэж үздэгтэй  холбоотой гэнэ. Хүүхдийн эрхийг хамгаалагчид, дотуур байрны багш,  боловсролын салбарынхны баримталдаг байр суурь харилцан адилгүй байдаг бололтой.                                                                                            Г. Эрдэнэбат

Монгол брэнд