top banner
Шуурхай мэдээ

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ


2017-11-29 16:08:08

Монгол Улс 2017 он 11 сарын байдлаар 108 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортолж, төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлжээ. Гэсэн ч Монголоос мах авах эрэлт өсөн нэмэгдсэн хэвээр байгаа тул Засгийн газар экспортын тоо хэмжээг эрчимтэй нэмэх бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байна. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон албаны хүмүүс мах, махан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

“Мах маркет” ХХК-ын хувьд Дулааны аргаар боловсруулах Экспортын үйлдвэр нь хоногт 10 тонн чанасан мах, нэг тонн хатаасан мах үйлдвэрлэж байгаа юм байна. 2017 оны 11 сарын байдлаар нийт 1330 тонн мах махан бүтээгдэхүүн экспортолжээ.

 “Мах Импекс” ХХК-ийн үйлдвэр нь энэ оны есдүгээр сараас Иран улс руу дулааны аргаар бэлтгэсэн 1000 тн төлөгний мах, 1500 тн адууны махыг БНХАУ руу экспортлохоор бэлтгээд буй аж. 

Засгийн газрын хувьд дан ганц уул уурхайн салбараас хараат байдлыг халахаар зорин ажиллаж байгаа. Нэн тэргүүнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэн, дотоодын махны хэрэглээгээ хангахаас гадна мал, махны нөөцдөө тулгуурлан экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байв.

Монгол Улс 2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн бөгөөд жилд 20 орчим сая төл хүлээн авч байна. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах бөгөөд энэ хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой юм.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд