top banner
Шуурхай мэдээ

Монгол, Гүржийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов


2017-11-30 10:09:40
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гүрж Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болов.
Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, гүржийн талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Д.Кереселидзе нар тэргүүлэв. Талууд хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар санал солилцов.
Мөн Монгол, Гүржийн улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор дээд, өндөр түвшний айлчлалыг харилцан зохион байгуулах, Гадаад яамд хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулах, зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулан хоёрдугаар уулзалтыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиров. Түүнчлэн Монголын талын төлөөлөгчид Гүржийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төв нь нэг цонхны загвар буюу төрөөс ард иргэдэд үзүүлэх 300-500 орчим үйлчилгээг нэг дор төвлөрүүлж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.
Монгол Улс, Гүрж Улсын хооронд 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 25 жилийн ой тохиож байна.


Монгол брэнд