top banner
Шуурхай мэдээ

Стэйрлин Люжан: Биткойныг олборлодог төхөөрөмжийг монголчууд утааны эсрэг ашиглах боломжтой


2017-12-02 16:27:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Крипто Үндэстэн чуулга уулзалт-2017”-ын хүндэт зочноор “Bitcoin.com” вэб сайтын шинэ технологийг эдийн засагтай хослуулах болон цахим анализыг хэрхэн хийх талаар тайлбар гаргасан анхдагчдын нэг Стэйрлин Люжан оролцож байна. Тэрээр сэтгүүлч, редактор мэргэжилтэй бөгөөд 2012 оноос цахим мөнгийг судалж мэдээлэл нууцлал шифрлэх технологид суралцжээ. Түүнээс дараах асуултад хариулт авснаа хүргэе.

-Сэтгүүлч мэргэжилтэй хүн технологийн шинэ эрин зууныг түүчээлж, цахим мөнгийг судлахын зэрэгцээ мэдээлэл нууцлал шифрлэх технологид суралцсан нь сонирхол татаж байна. Блокчэйн технологийн нууцлалын талаар та юу хэлэх вэ?

-Блокчэйны өгөгдлийн сан нь тогтсон нэг газарт хадгалагддаггүй. Мэдээ баримтууд нь олон нийтэд нээлттэй бөгөөд амархан баталгаажих боломжтой. Тэгэхээр хакерууд тогтсон нэг мэдээллийн төвлөрсөн сан руу халдаж чадахгүй гэсэн үг. Олон сая компьютерт  байршдаг энэхүү мэдээллийн санд интернет  орчинд байгаа хэн ч хандах боломжтой.

- Криптовалютыг дэлхий нийт үгүйсгэх бус үр дүнг нь харахаар зах зээлээ тэлж байна. Энэ ойлголт монголчуудад шинэ зүйл. Энэ хэрээр мөнгөө  биткойнд алдах вий гэсэн болгоомжлол явж байгаа. Хэрэв мөнгө оруулаад алдвал хэн хариуцлага хүлээх вэ?

-Биткойноос мөнгө алдсан тохиолдолд хариуцлага хүлээх этгээд бол тухайн хүн өөрөө. Яагаад вэ гэхээр тухайн хүн өөрөө шийдвэр гаргасан учир бусдад хариуцлага хүлээлгэх ёсгүй. Цаасан мөнгөтэй хэтэвчээ суйлууллаа гэхэд тэр хүний анхаарал сэрэмжгүйн хариуцлага биз дээ. Тэгэхээр үүнтэй агаар нэг юм. Өөрөөр хэлбэл “Bitcoin.com” хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

-Таны хувьд биткойн аваад алдсан тохиолдол бий юу?

- Би биткойн худалдаж аваад алдагдал хүлээгээгүй. Миний хувьд биткойн хөгжүүлэх шинэ валют бий болгоход хөрөнгө оруулдаг. 

-Блокчэйнд суурилж асуудлаа шийдэх боломжийн талаар монголчуудад хандаж та юу хэлэх вэ?

-Монголчуудад хандаж хэлэхэд Криптовалютыг нэвтрүүлэх маш их боломж байна гэж харж байна. Монголд агаарын бохирдлын асуудал нэлээн хүндхэн байх шиг. Биткойныг олборлодог төхөөрөмж нь маш их дулаан ялгаруулдаг учир энэ технологийг монголчууд утааны эсрэг ашиглах боломжтой юм. Эл технологийг Монголд бий болгох боломжийг Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг эрэлхийлнэ гэдгийг хэлж байсан. ОХУ болон Украйнд үүнийг аль хэдийн нэвтрүүлж туршилт хийгээд явж байгаа.

-Биткойныг хөдөө орон нутгийнхан ялангуяа малчид хэрэглэх боломж бий юу гэж их асуудаг. Энэ тухайд?

-Биткойн бол хүн бүрт зориулагдсан зүйл. Хөдөө орон нутагт байгаа иргэд ашиглах боломжтой. Зөвхөн нэг улс хэрэглэх бус дэлхий нийт бүгдээрээ ашиглах боломжтой гэдгээрээ давуу юм. Биткойныг алдагдалд хүрэх хэмжээнд бус бага хэмжээгээр нь худалдан авах замаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд  ашиглавал илүү зүгээр байх гэж монголчуудад хэлмээр байна.

-Дэлхийн улс орнууд  ямар нэгэн зохицуулалт, дүрэм, журмаар дарах бус иргэддээ зөв ойлголт өгөх чиглэлд ажиллаж буйг илтгэгчид сая дурдлаа. Эрхзүйн орчныг  бий болгосон нь Япон улс байх шиг байна.  Яагаад дэлхий нийт эрхзүйн орчин бүрдүүлэхэд хойрго байна вэ?

- Засгийн газар биткойн криптовалютыг зохицуулах шаардлагагүй гэж дэлхий нийт харж байна. Аливаа технологи, инноваци дээр хязгаарлалт хяналт тавиад ирэхээр хурдыг сааруулдаг. Хэрвээ биткойныг хянах шаардлагатай гэвэл Засгийн газар бус блокчэйн технологи өөрөө хянах боломжтой. Мөн шинэ технологи бий болгож хяналтын систем бий болгох боломжууд бий.

Б.Заяа 

Монгол брэнд