top banner
Шуурхай мэдээ

Богдын хүрээний галын хайчийг Кашгарын хуучин хотоос олов


2017-12-04 16:57:35
Зураг /Аяны богцоо задлахуй/
“Богдын хүрээнд галын хайч зардаг болов уу” гэж санааширангуй хэлэх Долдойгоо Кашгарын эртний хотын хөл хөлхөөнт зээл дээр санадаг байна шүү. Ширхэг бүрийг нь урлаж мэтгэсэн ширдэг дэвсгэрээс эхлээд шилээвэр, хутга, билүү, тоорцог малгай, том жижиг суулга гээд ёстой л өнөө нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байж байдаг газар ажээ. Хөгжил дэвшлийг хөлийн хурдаар биш гэрлийн хурдаар товчилдог болсон энэ цагт ган төмөр давтаж галын хайч урлаж, ширмэл ширдэг хатгамаллаж ширээний хөлөө матаж суугаа уйгар түмнийг 19-р зуундаа гээгдэж үлдсэн гэж эндүүрэвзэй.

Эрт цагийн Торгоны замын их хотуудын нэг Кашгарт өнөөдөр хагас сая хүн оршин суугаагийн ихэнх нь нь уйгар, казах, хятад үндэстнүүд. Уйгараар “Хаш чулууны хот” хэмээгдэх Кашгарын оршин суугчид шинэ хуучин хоёр том дүүрэгт хуваагдан аж төрөх ажээ. Кашгарт очсон хүн шинэ хуучин хотуудын аль алинаар нь орохгүй бол энэ газрыг ойлгоход нэн бэрх. Хуучин хотын зээл, тэндэхийн оршин суугчид, гар урлаачдын дундуур алхаж явах нь яг л түүхэн кинонд тоглож буй мэт сэтгэгдэл төрүүлэх. Хэрмэн хашаагаар алхан орсон цагаас эхлээд орчин цагийн ширхэг ч эд өлөг нүдэнд тусахгүй. Тэр байтугай өмссөн зүүсэн бүхэн нь Уйгарын домог түүхийг учиг бүхэндээ шингээсэн үндэстний хувцас, гэр орон нь музей, тэнд амьдрагсад нь тэрхүү музейн амьд үзүүлэнгүүд гэлтэй. Хамгийн гоё нь нүдэндээ галтай нүүрэндээ цогтой уйгарчууд хаа ч явсан бүр нэг сэтгэлийн угаас зочилж дайлж, үг өдөн хоргоох ажээ. Айлд ороход ширээ дүүрэн идээ ундаа, эргэнэг хавиар нь элдэв ваар сав, модон суулгатай хоол хүнсний зүйлс байх агаад мөнөөх ширдэг дэвсгэр, шилээвэр, хутганууд галын дөрөлжийг нь тойрон үзэгдэнэ. Айл бүхний эд хэрэглэл 19-р зуунаараа болохоор галын хайч, гадилын суулгаа хийх мод, төмрийн дархчуул ажлын байр, амьдралын орлоготой байх нь зүй.

Кашгарын хуучин хот дахь Орон нутгийг судлах музейг үзсэний дараа л сая нэг ойлголт зүгширлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Дундад улсын үндэстэн бүрийг халамжлан дэмжиж соёл уламжлалыг нь хадгалан үлдэх бодлого зорилтынхоо хүрээнд Торгоны замын томоохон төвийн нэг асан Кашгар хотыг ийнхүү шинэ хуучин дүүрэгт хуваан, хуучин хотыг нь яг хуучин төрхөөр нь сэргээн засварлаж 19-р зууны Кашгарыг 21-р зуунд хадгалан үлдээжээ. Тэрхүү хуучин балгадад амьдарч байсан ард иргэдийн өөрсдийнх нь зураг төслөөр энэхүү шинэ үеийн “Хуучин хот”-ыг сүндэрлүүлсэн гэх. Улсын хэмжээнд тендер зарлан Хуучин хотыг шинэ цагт дахин босгох ажлыг эхлүүлж. Харин тендерт шалгарсан компаниуд ёстой шар махтайгаа хатжээ. Учир нь төр засгаас ард иргэдэд мэдлийг нь баталгаажуулаад өгчихсөн учраас архитекторын шийдлүүд өдөр бүхэн шахуу солигдож холигдож, гүйцэтгэгч компаниуд тэр бүхнийг дуулгавартайгаар дагаж байсан гэнэ. Ажлын хүндэд биш ард олны дураараа шийдвэрт ихэд ядарсан компаниуд сүүлдээ үгээ хэлж үйлээ үзсэн ч юутай ч энэхүү нүсэр том Хуучин хотыг сэргээн засварлаж, хогийн овооных нь оронд соёлын үзмэр, гоёлын дэнлүү асааж чаджээ. Ийм содон бүтээн байгуулалтыг Хятад улс, төрийн нэгдсэн бодлоготой, төсвийн томоохон орлоготой тулдаа л хийж чадсан бололтой. Харж явахад тархи чилж байгаа юм чинь гардаж хийхэд гар сэтгэл хэрхэн тамирдсаныг таахад цөхөх юмгүй.
Хуучин хотын шавар хэрэмний зүүн их дааман хаалга өглөө эрт нээгдэх агаад үндэсний хувцас, зэр зэмсгээ агссан уйгар жүжигчид дуулж бүжиглэн, сүрт хөгжим эгшиглүүлж холын гийчдээ угтан авдаг аж.

Ийнхүү хуучин хотод нэгэнт нэвтэрсэн жуулчид хоолны, хуучны эд зүйлийн, гар урлалын, хөгжмийн зэмсгийн, ваар савны, модон суулганы, үзэм жимсний гээд олон салаа зээлээр хөшилдөн хөлхөлдөн өдрийг өнгөрүүлнэ. Толгой эргэм тойрог, эргэлт, мухар гудам бүхий тус хотын зохион байгуулалтыг бүрэн ойлгоход нэг сар орчмын хугацаа зарцуулдаг гэнэ лээ. Харин хөтөч охин бидний хөл дор дэвссэн чулуун хавтангуудын хээг харуулж, хоёр талаасаа уулзсан сум маягийн хавтан байвал тэрхүү гудамж нь цаашаагаа их зээл рүүгээ нэвт гардаг, харин тойрог хэлбэрийн хээтэй бол айлууд руу ордог мухар гудамж гэхчилэн тайлбарласан нь будилж цөхөж байсан надад ихээхэн дэм болсон юм.
Хуучин хотын томоохон зоогийн газруудад оронгуут эртний перс хивсүүдэд нь хөл живэх бөгөөд хана дагуулж эгнүүлсэн ханз маягийн суудлууд дээр нь эрээн мяраан хивс, эсгий ширмэл олбогуудыг зайгүй давхарласан байна.
Орж ирэгсэд өөрийн мэдэлгүй хатавчинд нь гутлаа тайлж хоймор өөд залрах агаад цайлж байх зуур түмэн үрчлээст нүүрэнд нь хөлсний дусал бөнжигнөх уйгар өвгөд түүртэх юмгүй баллаик домбороо дарж залуус хүүхдүүд нь зүүнд хатгуулсан мэт ухасхийн босож бүжиглэцгээнэ. Ерөөс энгийн цагт ч хооллоод босохын зуурт ингэж биесээ хөгжөөдөг гэнэ. Дуулж хуурдаж бүжиглэж цэнгэж байгаа нь эгээ л орос тосгоны ахуй, овжин дайчин цыганчуудыг санагдуулах. Үдийн цайгаа уусан газартаа үзвэр үзчихээд гарлаа. Сэтгэл нэг л цатгалан, дуу аялж явав.
/Үргэлжлэл бий/
Б.Занданхүү
 
 
 

Монгол брэнд