top banner
Шуурхай мэдээ

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр сайн туршлага судалж байна


2017-12-05 13:03:02
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянхонгор хотноо "Хүүхдэд ээлтэй орон нутаг" аргазүй, сайн туршлага сургалтыг зохион явуулж байна.
Тус сургалтыг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга асан Г.Төмөрбаатар, Хүний гавьяат эмч, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга асан Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн ХГБЗХГ-ын дарга Ч.Дашбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя нарын бүрэлдэхүүнтэй баг удирдаж явуулж байгаа юм. Сургалтад Баянхонгор аймгийн 20 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар оролцож, туршлага судалж байна.
Тэд сургалтаар хүүхдэд ээлтэй засаглал, бүрэлдэхүүн салбар дундын зохицуулалтыг хангах механизм, хэрэгцээ шаардлага, сургамж бэрхшээл, ололт үр дүнгийнхээ талаар хуваалцахаас гадна хүүхдийн хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, дэмжих, сургамж бэрхшээл, туршлага, хүүхдийн аж байдлын талаарх мэдээлэл тайлан гаргах, ач холбогдлын талаар харилцан ярилцах аж. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа. Энэ хүрээнд НҮБ-аас 2017-2021 оны улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ оноос эхлэн Баянхонгор, Завхан, Гавь-Алтай аймгуудыг хүүхдэд ээлтэй аймаг болоход дэмжлэг үзүүлж дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь уг хөтөлбөр 2012-2016 оны хооронд Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгчээ. Тэгвэл Хөвсгөл аймагт тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн баг, хамт олон Баянхонгор аймагт сайн туршлагаа хуваалцаж, арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

                                                                                                                                      Б.Мөнхзул


Монгол брэнд