top banner
Шуурхай мэдээ

Н.Баярсайхан:Монголд цай тарьж, ургуулж болдгийг харуулах гэж зорьсоор өнөөдрийг хүрлээ


2017-12-06 23:31:20
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад цай үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 40 аж ахуй нэгж байдаг юм байна. Үүнээс эх орныхоо хөрсөнд тарьж ургуулаад, боловсруулаад үйлдвэрлэл эрхэлж байгаа нь тийм ч олон биш. Жинхэнэ органик цайг үйлдвэрлэж, Монгол Улсын шилдэг 99 бүтээгдэхүүнд багтааж, Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн болгож чадсан Сэлэнгэ нутгийнхаа баялаг бүтээгч нэгэн ажилсаг гэр бүлийг та бүхнээ танилцуулахыг зорилоо.
-“Үжээд” гэдэг нэрээр тань танай компанийг, та бүхний цайг Сэлэнгэчүүд бид сайн мэддэг болжээ. “Дэлгэрэх” Сэлэнгэ нэрийн цайг та бүхэн маань гаргаж байна. Харин цайг хэрхэн яаж бий болгосон үүсэл гарлыг тэр бүр мэдэхгүй. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. “Үжээд” компани энэ нэрээрээ 2003 онд байгуулагдсан. Бүр анхны суурь нь 1991 онд байгуулагдсан “Өрнөлт” гэдэг хувиараа эрхлэх аж ахуй. 1992 оноос энэ нутаг усандаа цай хийж эхэлсэн. 1994 оноос тарималжуулах ажлыг эхлүүлсэн. Аав маань Сүхбаатар сумын дөрөвдүгээр багт хашаандаа тарималжуулж байлаа. Ингээд “Дэлгэрэх” гэдэг нэртэйгээр цайгаа гаргасан. Анх Дэлгэрхаан уулнаасаа үрийг нь авсан учраас “Дэлгэр” гэж нэр өгч байлаа. Манай аж ахуй ч “Дэлгэрэх” гэдэг нэртэй явдаг нь ийм учиртай. Өөдлөх, дэлгэрч дэвжих гэдэг утга учиртай нэр. Дараа нь Баруунбүрэн суманд “Хүжийн ам” гэдэг газарт тарималжуулах ажлаа хийдэг болсон. Энэ газар Амарбаясгалант хийдийн дэргэд байдаг. Бид Сүхбаатар сумынхаа хоёр элсний дэргэд ч тарималжуулах ажлыг хийж байсан. Уулархаг газарт ургасан цайны ургамал илүү шимтэй байдаг. Хоёр элс маш их элсэрхэг газар учраас бид тариалалтаа зогсоосон. Одоо бид Баруунбүрэндээ тарималжуулах ажлаа хийж байна. Байгалиас нь ч түүж байна.
-Тарималжуулах ажлыг хэрхэн хийдэг вэ. Цаг хугацаа нэлээд зарцуулдаг уу?
-Олон наст ургамал учраас хашаа, хамгаалалт сайтай бол арчилгаа тордолгоогоо хийгээд явчихад гайгүй. Нэг жил тарьчихвал дараа жил тарина гэхгүй. Өөрөө ургачихна. Үрээрээ тарьвал хугацааны хувьд уддаг. 3 жил болж байж ургац авах хэмжээнд хүрч байгаа юм. Бидний ихэнх цаг хугацаа энэ таримал тал руу зарцуулагдсан. "Ингэж таривал ийм болж байна. Ийм хугацаатай таривал тэдэн жилийн дараа ургацаа өгөх юм байна. Ийм талбайд, тэр нөхцөлд" гэх мэтээр янз янзаар туршиж, тарьж үзсээр ихэнх хугацааг өнгөрөөсөн. 1990 оноос хойш Монголд цайг тарьж ургуулж болдог юм гэдгийг үзүүлж, харуулах гэж зорьсоор өнөөдрийг хүрлээ.


-Тэгэхдээ та бүхэн амжилттай ажилласан байна. Одоо цайгаа ч хийгээд, ургамлаа ч тариад байж байна шүү дээ. Баруунбүрэнд танайх өөрсдийн талбайтай юу?

-Тийм шүү. Цаг хугацаа их зарцуулсан энэ хөдөлмөрөөрөө бахархаж явдаг. Удам дамжиж ирсэн ажил шүү дээ. Аавынхаа хийж байсныг үргэлжлүүлж, илүү чанаржуулж сайжруулахыг л зорьж байна. Баруунбүрэнд манайх 5 га газартай. Тэнд тарималжуулах ажлаа хийдэг. Бүх талбайгаа ашиглаж чадахгүй байгаа.
-Цайны ургамлаа Сэлэнгэдээ тариад, ургуулаад болгочихлоо. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, туршлага судалж байв уу?
-Оны эхээр ХААЯаман дээр болсон цай үйлдвэрлэгчдийн чуулга уулзалтад оролцсон. Тэнд эрдэм шинжилгээний байгууллагынхан, цай үйлдвэрлэгчид гээд олон газрууд оролцлоо. Эндээс л мэргэжлийн хүмүүсээс, байгууллагуудаас их юм сонсож, үзэж харж, туршлага судалсан. Санаа авахаар ч зүйлүүд их байлаа. Ингэж тарималжуулж байгаа манайх шиг газар их сайн хашаажуулах хэрэгтэй юм билээ. Бид харин ор мөр төдий юм л хийж байгаа ш дээ хашаажуулна гэж./Инээв/
-Танай энэ цайны ургамал ганцхан Баруунбүрэнд л ургадаг юм уу?
-Ер нь Баруунбүрэнд л ургадаг. Өөр газар ургаж байгаа эсэх нь сайн мэдэгдээгүй байна. Ургадаггүй талдаа юм шиг байна лээ. Манай цайны хувьд хоёр төрлийн ургамал давамгайлдаг. Бид энэ хоёр төрлийн ургамлаа тарималжуулаад патентжуулах ажлыг хийчихсэн. Энэ маань бидний хамгийн гол ажлын нэг. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас шинжилгээнд байнга хамрагддаг. Одоо бидэнд он оноороо хамрагдсан шинжилгээний үзүүлэлтүүд нь архивлагдаад байж байна.
-Танай цай тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүний тоонд явдаг. Цайны стандарт гэж байдаг л байх...?
-Монгол цайны стандарт гэж бий. Бид өөрсдийн стандартаар энэ цайг үйлдвэрлэдэг. “Үжээд” компаний Сэлэнгэ цайны стандартыг боловсруулаад баталгаажуулчихсан.
-Тэгэхдээ монгол цайны стандартыг хангаж байгаа биз дээ?
-Хангалгүй яахав. Монголд цайны стандарт байхгүй байсан. Их тайгын хийгээд байгаа цайгаар монгол цайны стандартыг хийчихсэн юм билээ. Их тайгын цай бол тэдний л цай. Манай цай бол манай л цай. Бидний түүж байгаа энэ ургамлаар тэр нутаг усныхан үеийн үед өөрсдийнхөө хэмжээнд цай болгон ашиглаж л байсан. Нутаг орны байгаль газарзүйн байршлаас шалтгаалаад ургамлын төрөл чанар ч өөр өөр байдаг. Манай бүтээгдэхүүн чанарын баталгааг хангасан үндэсний тохирлын гэрчилгээтэй. Энэ бол Монгол Улсын стандарт, чанарын баталгаа хангасан бүтээгдэхүүн гэсэн гол баталгаа. Манай Сэлэнгэ аймагт “Спирт бал бурам”, “Шижир” Зөгийн бал, Баатар гуайн “Хмелийн талх”, манай цай гэсэн 4 бүтээгдэхүүн ийм тохирлын гэрчилгээтэй.
-Нэлээд их цаг хугацаа зарцуулсан энэ бүтээгдэхүүнээ гаргахын тулд хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Байнгын ажилладаг дөрвөн хүнтэй. Улирлын чанартай 20-иод хүн бий. Манай хураалт намар хичээл сургууль орох дөхөх үед таардаг болохоор гэр бүлээрээ явдаг хүмүүс олон байдаг. Нэг гэрээс 4 хүн яваад дээд талын хүн сая төгрөгийн ажил хийчихвэл тэр гэр бүл 3-4 сая төгрөгтэй болох жишээний. Гол нь хийснээр нь, кг-аар нь үнэлээд авдаг.
-Ер нь жилд хэчнээн тонн ургац авдаг гэсэн үг вэ?
-Найман тонн орчмыг түүж байгаа. Таван тонн цайны ургамал түүгээд хатаахад нэг тонн болох жишээний. Аавын минь хийж байсан удмын минь юм гээд л ашиг энэ тэр гэхгүй зүтгээд яваа. Бас цай маань Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн болчихоор маш их урам авдаг юм билээ. Эцсийг нь хүртэл явж хүмүүст хүргэе гэж бодогддог болсон.
-Хаагуур борлуулж байна вэ?
-Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэдээ борлуулдаг. Хамгийн их борлуулалттай нь “Сэлэнгэ шимт” цай. Тэгээд “Дэлгэрэх”, “Нохойн хошуут”, пакеттай цай гээд хүмүүс авч байна аа. Одоо пакеттай цайгаа илүү сайжруулахаар төлөвлөөд байна. Бидэнд ашиг гарахад хэцүү. Нэгэнт брэнд бүтээгдэхүүн болгочихсон болохоор улам сайжруулахыг л зорьж байна.
-Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл байгаа л байх...?
-Улам өргөжүүлээд, нутгийн иргэдийг хураалтанд оролцуулъя гэж зорьж байна. Хүмүүс ургамлыг тухайн үед ашиг олохоо бодоод эргээд ургахааргүй болгочихдог. Ганга гэдэг ургамлыг гамгүй устгаж байна ш дээ. Бид байгаль эхтэйгээ зөв харьцаж, ашиглах зүйлээ зөв авч байх хэрэгтэй. Үндэсийг нь устгалгүй эргээд ургах боломжийг нь хангах хэрэгтэй ш дээ. Тиймээс бүр шинэлэг, сүүлийн үеийн органик цайг шинээр гаргаад Сэлэнгийн брэнд болгоё л гэж бодоод байж байна даа. Нутгийн иргэдээ хамруулснаар байгаль хамгаалалт давхар явагдана. Тухайн хүмүүс байнгын орлоготой болно гээд давуу тал их бий.
-Одоо тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Үнийн асуудал. Бид цайгаа маш хямд үнээр зардаг. Анх тогтоочихсон үнээ өөрчилж болдоггүй. Бүр анхныхаараа л байгаа. Манай цай 700-1700 төгрөгийн хооронд борлуулагддаг. Булцуут цэцгийн цай л гэхэд 20000 төгрөгөөр зарагдаж байна. Манайхан үнэтэй болохоор сайн гээд ойлгочихоод байна. Үнээ нэмчихвэл хэрэглэгчээ алдана гээд огт хөдөлгөдөггүй. Харин цоо шинэ бүтээгдэхүүн гаргаад түүнийгээ л үнэд хүргэх нь зөв юм байна гэж бодож байгаа даа. Бид ямар нэг үзэсгэлэнд зориод очно. Замын зардлаас эхлээд талбайн түрээс гээд тодорхой хэмжээнд зардал гарна. Тэгэхэд манайх дор хаяж 100 ш цай зарж байж түрээсээ төлөх жишээний. Зөгийн бал 10-ыг зарахад л болж байгаа юм.
-За зөндөө л цайгаа ярилаа хоёулаа. Ингэхэд та зураач хүн байхаа. Чөлөөт цагаараа үндсэн мэргэжлээрээ оролдож байна уу?
-Барималч, зураач. Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1989 онд төгсөж ирээд Сүхбаатарын туг сонины байранд байсан “Урчуудын салбар”-т ажилласан. Нороврагчаа гэж дарга нь байлаа. Мягмар, Чулуун, хар Нямжав, Нямсамбуу гээд манай сайн, сайн зураачид байлаа. Тухайн үед зураач нар захиалгаар их зураг зурдаг байсан. Сайд нарын зургаас эхлээд САА-н ямар нэг газрын тохижилтын зураг гээд л... Одоо энэ Партизаны талбайн урд талын сааданд баримал хийж байсан. Одоо буулгачихсан. Миний хийж байсан баримлаас байгаа нь Цагдаагийн арын цэцэрлэгийн хашаанд байгаа муур хулгана, үнэг чонын ком баримал. Анх Гурилын цэцэрлэг нээгдэхэд хийж өгч байсан. Хамгийн сүүлд “Хулан” хатанг хийж хүрэлээр цутгалаа. Гибс, авто замаск, хүрэл гээд 3 төрлөөр хийсэн. Аялал жуулчлал бэлэг дурсгалын зүйл байвал зүгээр юмуу гэсэн санаагаар анх хийсэн. Чөлөөт цагаараа хааяа нэг зургийн скиз гаргаад сууна. Бясалгалд сууж, байгальд явах дуртай.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Та хоёр хамтын хүчээр бизнесээ авч явдаг юм байна шүү дээ...?
-Тийм ээ. Миний ханийг Чойжилын Отгончимэг гэдэг. ОХУ-д гэр ахуйн цахилгаанчин засварчнаар төгссөн. Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Одоо буудлаа хариуцаж ажиллуулдаг. Манайх 1 охин, 2 хүүтэй. 2 зээтэй. Охин хотод. Дунд хүү Их засагт сурдаг, 3-р курс. Бага хүү 12-р анги. Спортоор хичээллэдэг. Волейбол сайн тоглоно. Манай хүүхдүүд бүгд багаасаа цайгаа сурталчилсаар бүгд энэ талын сэтгэлтэй болчихсон. Охин маань бага байхад 2006 онд юмуудаа хотод цайгаа зарах гээд байж байхад нь нэг хөгшин “хэзээ байхдаа монголд цай байсан юм гэж хэлээд” уйлуулчихсан байдаг юм. 

Монгол хүн бүхний өглөө босоод хийдэг ажлын нэг бол цай чанах. Орчин цагийн хэв маягтаа уялдуулан, хүний бие организмд тохирсон, эрүүл, аюулгүй, цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж яваа нэгэн ажилсаг гэр бүлийн хийж буй ажил үйлсийг сонирхсоноо уншигч та бүхэнтэйгээ хуваалцлаа. Насаараа Үйлдвэрчний байгууллагад ажилласан н.Нямсүрэн гуайг Сэлэнгийнхэн андахгүй. Эцэг эхийнхээ хийж чадаагүй ажлыг үргэлжлүүлэх нь үр хүүхдүүдийн үүрэг гэлтэй. Энэ л зарчмаар Н.Баярсайханы гэр бүл аавынхаа эхэлсэн ажлыг улам бүр сайжруулахын төлөө хөдөлмөрлөж явна. Тэд хавар тавдугаар сард тариалалтаа эхэлж, 7-9 сард хураалтаа хийж, жилийн дөрвөн улирлыг энэ л ажилдаа зориулсаар яваа ажээ.
Ч.Отгонцэцэг


Монгол брэнд