top banner
Шуурхай мэдээ

Энэтхэгийн дрон Хятадын газар нутагт осолджээ


2017-12-07 14:11:22
Зураг
БЭЭЖИН. /Би-Би-Си/. Энэтхэгийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон агаарын хилийг нь зөрчиж, нутаг дэвсгэрт нь осолдсонтой холбоотойгоор Бээжин эсэргүүцлээ илэрхийллээ гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Дроны хэрэг нь хоёр улсын хилийн маргааныг хурцатгаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Өнөөдөр Хятад улсын БХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Энэтхэгийн энэ үйлдэл бол Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдалд халдсан хэрэг. Хятад улсын холбогдох албаны хүмүүс энэ хэргийг шалгаж байна” гэжээ.

Тус яамны мэдэгдсэнээр, дрон осолдсон хэрэг нь саяхан гарсан аж. Энэ осол яг хаана болсныг Хятадын тал тодорхой мэдэгдсэнгүй.

Хятад болон Энэтхэг улс нь хоёр талын харилцаагаа сайжруулахаар сүүлийн жилүүдэд чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа боловч харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хилийн маргааны асуудал саад болж байна.

Докламын өндөрлөг орчмын хилийн маргааны улмаас өнгөрсөн 6-8 дугаар сард Шинэ Дели болон Бээжингийн харилцаа эвгүйтэж, талууд хил орчимдоо цэргүүдээ байрлуулахад хүрсэн билээ.  Тодруулбал, Бутан улс өөрийн харьяаны нутаг гэж үздэг хэсэгт /Докламын өндөрлөгийн/ Хятадын тал автозамын ажил эхлүүлсний дараа Гималайн вант улс өөрийн холбоотон болох Энэтхэгээс тусламж гуйснаар өнгөрсөн зургадугаар сарын дундуур талуудын хооронд маргаан дэгдсэн юм. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хятадад есдүгээр сарын эхээр айлчлахын өмнөхөн хоёр тал яриа хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрснээр цэргүүдээ хил орчмоос харилцан татсан юм. Хятад, Энэтхэгийн зүүн хойд нутгийн Сикким муж болон Бутаны Вант Улсын хилийн уулзвар дахь Докламын өндөрлөг нь Хятад болон Бутаны  маргааны халуун цэг юм. Бутан энэ бүсийг өөрийн харьяаны нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд үүнийг нь Шинэ Дели дэмждэг билээ.

Мөн 11 дүгээр сард 29 мужийнхаа нэг болох Аруначал-Прадешт Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Нат Ковинд ажлын айлчлал хийсэнтэй холбоотойгоор Хятадын тал эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэтхэгийн энэ мужийг Бээжин мөн “Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг” гэж үздэг юм.
Г.Доржханд

Монгол брэнд