top banner
Шуурхай мэдээ

Авлигатай тэмцэх "Шилэн нам" түншлэлд улс төрийн намуудыг нэгдэхийг уриаллаа


2017-12-07 15:31:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 9-нд тохиохтой холбогдуулан Төрийн ордонд маргааш “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг парламентын бүлгийн дарга Л.Оюун-Эрдэнэ болон “Трансперенси интернэшнл-Монгол" байгууллагын зүгээс мэдээлэл хийв. 
Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намууд, гишүүд, нам бус эрдэмтэн, судлаачид нэгдэн "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг байгуулсан. Энэ хүрээнд УИХ дахь Авилгын эсрэг парламентын бүлэг "Монпак", “Трансперенси интернэшнл-Монгол” хамтран дээрх “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн арга хэмжээг зохион байгуулж буй юм. 
УИХ дахь Авилгын эсрэг парламентын бүлэг "Монпак"-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн 2-3 жилийн хугацаанд улс төрийн нам өөрөө Монгол Улсад хамгийн их авлигад автсан гэдэг судалгаа бий. Тиймээс нэр дэвшигчийг илэрхийлдэг улс төрийн нам авлигын эсрэг тэмцэнэ гэдэг бүрхэг учир "Шилэн н
ам”, “Шилэн нэр дэвшигч” байх ёстой гэдэг асуудлыг дэвшүүлж байна. Тиймээс энэ арга хэмжээг зөвхөн хурал эсвэл тэмдэглэлт өдөр төдий болж өнгөрөөхгүй байхыг хүсч байгаа юм” гэв.

Түүнчлэн Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн зүгээс “Намууд дотоод дүрэм журам, дотоод үйл ажиллагаандаа авлигын ил тод байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, гишүүдийнхээ өргөн оролцоотойгоор авлигыг таслан зогсоохыг уриалах, ёсзүйн хариуцлага тооцдог байх үүргийг намууд хүлээж байгаа. Эхний удаад улс төрийн АН, МАН-ын удирдлагууд энэ түншлэлийг хүлээж авч маргаашийн үйл ажиллагаанд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Улс төрийн бусад намуудад ч мөн нээлттэй гэдгийг хэлмээр байна. Цаашид Иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд авлигын нөхцөл байдал ямар байгааг хөндлөнгөөс дүгнэлт хийж, ажиглах болно. Манай байгууллагын зүгээс жил бүр авлигын индексийн судалгаа, барометрийн судалгаа гаргадаг. Саяхан улс төрийн намуудын санхүүжилтэд судалгаа хийсэн байгаа. Уг судалгаанаас харахад улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлага бий гэдгийг харуулж байсан. Тиймээс маргаашийн үйл ажиллагаанд улс төрийн намууд идэвхи, санаачлагатай оролцоно гэж найдаж байна” гэсэн юм.

Энэхүү арга хэмжээнд МАН, АН, МАХН-ын төлөөлөгчид оролцох бөгөөд зөвхөн нэг удаа бус цаашид тогтмол зохион байгуулна гэдгийг тэд мэдэгдэж байлаа. Мөн цаашид "Шүглийн дуу" хэмээх арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Н.Туяа

Монгол брэнд