top banner
Шуурхай мэдээ

Үсчин, гоо засалчид ур чадвараараа өрсөлдөж байна


2017-12-07 15:36:49
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж буй Үсчний урлаг, Гоо засалч, Хумсны дизайн урлалын нийслэлийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2017” тэмцээн өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд эхэллээ.

Тус тэмцээн нь Ази, тив дэлхийн үсчин, гоо засалч, хумс засалчид үсчний шинэ загварын тайралт, самналт, сонгомол хэлбэржүүлэлт, сахал заслын урлал, бие болон нүүрэн дээр зурах технологи, хумс урлал, үйлчилгээний технологиос харилцан суралцаж тухайн оны үс болон гоо сайхны чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой. 



Тэмцээн нь бүхэлдээ уран сэтгэмжийн үйл ажиллагаа бөгөөд өөрсдийн туршлага, чадвар, авьяасаа харуулах боломжийг үсчин, гоо сайханчдад олгожээ. 

Монголын Үсчин, Гоо засалчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Сарантуяа хэлэхдээ, “Энэ жилийн тэмцээн нь ахмад  үсчид, багш нарыг шавь нартайгаа хамтран бүтээл гаргахад нь дэмжих зорилгоор алдаршуулж байна. Мөн гэртээ бүтээлээ хийж ирэх бүтээлийн уралдаан явуулж буйгаараа онцлогтой. Хамгийн өндөр настай нь Заман, Пэрэнлэй нарын 70 гаруй настай 30 орчим ахмад үсчин оролцож байна. Тэмцээний эхний ажилбарыг харахад эрэгтэй үсний кератив илүү сайн байна” гэв.

Тэмцээнд нийслэлийн найман дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан нийт 130 гаруй үсчин, гоо засалч, хумс засалч эмэгтэй, эрэгтэй үсний гоёл, хуримын засалт, будалт, боди арт, хумс, дизайн зэрэг 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм.



Монголын мастер үсчин С.Цэенпил хэлэхдээ, “Нийтийн ахуйн үйлчилгээний харьяа Үсчин, гэрэл зургийн захиргаанд 1971 онд анх Олон улсын мастер үсчин Лхамсүрэн багшийн шавиар ажиллаж эхэлснээс хойш 46 жил үсчнээр ажиллаж байна. 1983 онд Улаанбаатар хотод болж байсан Олон улсын тэмцээнд оролцож байсан үс засалтаараа энэ тэмцээнд загвар үзүүлж байна. Тухайн үед хоёр төрөлд алтан медаль хүртэж байлаа. Манай үсчдийн ур чадвар сүүлийн жилүүдэд өссөн нь харагдаж байгаа ч ард түмэнд үйлчилдэг залуу үсчид үсчин, гоо сайхны ийм тэмцээнд оролцож өөрийгөө сорьж, мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Тэмцээний шилдгүүдийг үс тайралтын техник, өнгө сонголт буюу будалтын техник, самналт, ширхэг нийлүүлэлтийн техник, шил, шанааны захалгаа, сахал засалт, моделийн сонголт, хувцаслалт зэргийг харгалзан шалгаруулах аж. Уралдааны шилдгүүд өнөөдөр орой тодорно.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд