top banner
Шуурхай мэдээ

Япон улсаас 283 сая ам.долларын зээлийг нэн таатай нөхцлөөр олгох боллоо


2017-12-07 17:25:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хэлэлцээрийн соёрхон баталлаа. Ингэснээр Япон улсаас 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх зээлийг 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай олгох болж байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн гарц ийнхүү нээгдэж байна.
Нэн таатай нөхцөлтэй энэхүү зээлийн тухайд,
  • Хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллар
  • Жилийн хүү нь 0.8 хувь,
  • эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил,
  • үүнээс эхний 6 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 
Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэх юм. 

Чуулганы хуралдаанаар зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд зарим нэг санал хэлж, асуулт асуусан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Зээлийн талаар манай нийгэмд буруу ойлголт их төрүүлж байна. Зээл, хөрөнгө оруулалтын үр дүнгээр хөгждөг, бүтээн байгуулалт хийдэг. Зээл авсан иргэдийг муухай харагдуулах гэсэн бодлогогүй, захиалгатай зүйлсийг тавьж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна" гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ зээл төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж байгаа. Бид төсвийн зардлыг санхүүжүүлэхээр арилжааны банкуудаас зээл авбал жилийн 14-18 хувийн хүүтэй авна. Үүнд төлж байгаа хүү нь 600 гаруй тэрбум төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгээ бууруулж зээл авч байна гэсэн үг. Энэ зээл ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа зээл юм. Төр арилжааны банкуудаас зээл авахгүй байх боломжийг бүрдүүлж байна" гэж хариулав. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүү багатай, урт хугацаатай зээл авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Монголын ард иргэдэд наалдах, үр өгөөжийг нь юу гэж харж байна вэ. Ямар төсөлд зарцуулах, үр өгөөж нь юу байх, ажлын байр нэмэгдэх үү" гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ зээл нь төслийн зээл биш учраас Япон улсын компаниуд орж ирэхгүй, зөвлөх үйлчилгээ хийхгүй. Харин 2018 оны төсөвт суусан зардлуудыг санхүүжүүлэх юм. Үүнд ямар нэг төсөл санхүүжихгүй. Харин үүнийг хийхийн тулд бид ОУВС-ийн хөтөлбөрийн цаана Монгол Улсын хөгжлийн түнш болон АНУ, Солонгос, БНХАУ, Дэлхийн банк зэрэг олон орны хамтын ажиллагаа өргөжиж байгаа" гэлээ. 

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон баталлаа. 
Н.Гантуяа

Монгол брэнд