top banner
Шуурхай мэдээ

Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгөв


2017-12-07 18:22:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотой маргаан хоёр шатны шүүхээр дамжин, өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэв. Улмаар дээд шүүх тус компанийн энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хурлаас гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” болон “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болголоо. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоол гаргасан. Мөн ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр  хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоол тус тус гаргасан юм. Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид шилжүүлсэн тогтоол гарчээ.

Харин эдгээр тогтоол болон хурлыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болохыг тогтоолгохоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхэд хандсан юм. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн асуудалтай холбогдох Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг илтэд хууль бус болгохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандсаныг анхан болон давж заалдах шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлээд байсан. Харин Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 10 дугаар сарын 9-нд анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн юм.

Иргэний хэргийн тухайд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцсэн. Анхан шатны уг шүүх хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, харин ТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай” 01 тоот, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” 02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг, мөн уг хурлаас “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өмчлөлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн юм. Харин ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэргийг  хэрэгсэхгүй болгосон байна. 

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “....Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус хурал, түүнээс гарсан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцааны 49 хувийг эзэмших эрхийг болон ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоосугай “ гэж өөрчилсөн байна.



Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Харин нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Шүүх компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  хувьцаа эзэмшигч нарыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгч байгаа юм. 

Харин “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өмчлөлийн 49 хувийн асуудлыг Улсын дээд шүүх хэрхэн дүгнэсэн нь шүүхийн тогтоолд тодорхой тусгагдах юм байна. 
 
Н.Гантуяа

Монгол брэнд