top banner
Шуурхай мэдээ

Олон улсын хөгжлийн ассоциациас 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно


2017-12-07 20:10:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэж батлав. 

Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс нь 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ. “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж. Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.
Н.Туяа

Монгол брэнд