top banner
Шуурхай мэдээ

Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй АНУ-ын сенатч Аль Франкен огцрохоо мэдэгдэв


2017-12-08 09:30:36
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан шуугианд өртөөд буй АНУ-ын Ардчилсан намын сенатч Аль Франкен “ойрын хугацаанд” огцрохоор төлөвлөж буйгаа зарласныг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжлав.

АНУ-ын Миннесота муж улсаас сонгогдсон сенатч А.Франкен өчигдөр Сенатын танхимд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Бүх эмэгтэйн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Гэхдээ миний эсрэг бүх мэдүүлэг тэр бүр үнэн байдаггүй юм. Сенатын гишүүнээр ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Би сенатч болсноосоо хойш өөрт ногдсон эрх мэдлээ эмэгтэйчүүдийн эсрэг бус харин тэдний эрхийг хамгаалахын төлөө л ашиглаж ирсэн” гэжээ.

Ардчилсан намын 30 орчим гишүүн түүнээс огцрохыг шаардсанаас нэг өдрийн дараа тэрбээр ийм мэдэгдэл хийлээ.

А.Франкен эмэгтэйчүүдийг хүчээр үнсэхийг оролдож, өгзөгийг нь барьсан гэх дуулиан шуугиан  хэдэн долоо хоногийн өмнөөс дэгдэж эхэлсэн юм. Түүний бэлгийн дарамтад өртсөн гэж мэдэгдсэн эмэгтэйчүүдийн тоо одоогоор 10 гаруй болоод байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ёсзүйн хороо түүнийг шалгаж байгаа юм.


Мөн түүнээс гадна бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр Бүгд найрамдах намын  /БНН/ хоёр гишүүнийг тус хороо шалгаж байна. Ийм хэрэгт холбогдсон БНН-ын хоёр гишүүний нэг болох Трент Фрэнкс ирэх оны нэгдүгээр сард огцрохоо өчигдөр мөн мэдэгдсэн аж. БНН-ын нөгөөх гишүүн нь Блейк Фарентхольд юм. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчийнхөө хамт эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээ “нуун дарагдуулах”-ын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 84 мянган ам.долларыг ашигласан гэх хэрэгт холбогдоод байна.

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа олон эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли, Эшли Жудд нар энэ оны 10 дугаар сарын эхээр мэдэгдсэн билээ. Үүний дараа АНУ-ын эрэгтэй жүжигчид, продюсер  болон улс төрчдийн бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа эмэгтэйчүүд ар араасаа мэдэгдэж эхэлсэн юм.
Г.Доржханд

Монгол брэнд