top banner

К.Роналду "Алтан бөмбөг"-ийнхөө тоогоор Л.Месситэй зуузай холболоо


2017-12-08 10:26:53
Зураг
ПАРИС. /Шиньхуа/. Португалын хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду дэлхийн оны шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнээр тав дахь удаагаа тодорч, энэ шагналыг хүртсэн тоогоороо Аргентины алдарт хөл бөмбөгчин Лионель Месситэй зуузай холболоо гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Л.Месси нь өчигдрийг хүртэл энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн хөл бөмбөгчин гэгдэж байсан юм.

Шагнал гардуулах ёслол өчигдөр Парис хотод болжээ.
 
“Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөгчдийн жагсаалтын хоёрдугаарт Л.Месси, гуравдугаарт Францын “Пари Сен-Жермен” багт хамгийн өндөр үнээр буюу 222 сая ам.доллароор очсон Бразилын хөл бөмбөгчин Неймар орсон байна.
 
К.Роналду шагнал авсныхаа дараа “Би үнэхээр баяртай байна. Насан туршид минь дурсагдах хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг өнөөдөр тохиож байна. Би энэ шагналыг дахиад олон удаа авна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. К.Роналду нь “Реал Мадрид” багийг энэ онд Аваргуудын лиг болон Ла лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр 2008, 2013, 2014 болон 2016 онд “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байсан билээ.
 
Францын “France Football” сэтгүүл 1956 оноос хөл бөмбөгийн сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулах замаар “оны хамгийн шилдэг тоглогч”-ийг тодруулан “Алтан бөмбөг” шагналыг олгож эхэлсэн түүхтэй. Гэхдээ тус байгууллага 2015 оныг хүртэлх зургаан жилд Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-тай хамтран "дэлхийн хамгийн шилдэг тоглогч"-д энэ шагналыг олгосон юм. Харин өнгөрсөн оноос энэ хоёр байгууллага "дэлхийн хамгийн шилдэг тоглогч"-ийг тус тусдаа шалгаруулж эхэлсэн. ФИФА мөн К.Роналдуг өнгөрсөн сард "дэлхийн хамгийн шилдэг тоглогч"-оор тодруулсан юм.
 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд