ОУОХ-ны тэргүүн Умард Солонгосыг ятгаж магадгүй

Дэлхийн мэдээ | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-08 15:40:43
СӨҮЛ. /ТАСС/.  Умард Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулах асуудлыг  хэлэлцэхээр Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Пхеньянд айлчилна хэмээн “Кей-Би-Си” телевиз мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Эх сурвалжийн мэдээлснээр, Т.Бах энэ сарын сүүлчээр Умард Солонгост айлчилж магадгүй бөгөөд одоогоор айлчлалыг зохион байгуулах талаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Умард Солонгосын эрх баригчдын зүгээс ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гэхдээ ОУОХ-ны тэргүүн Умард Солонгост айлчилснаар Умард Солонгос тамирчдаа Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохыг зөвшөөрнө гэсэн үг биш юм”. Түүнчлэн ОУОХ-ны тэргүүн Т.Бах Умард Солонгост төлөөлөгчөө илгээж ч магадгүй юм гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Умард Солонгосын тамирчид 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох эрхтэй болсон хэдий ч эрх баригчид нь ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч тус улсын тамирчдын Пёнчаны олимпийн наадамд оролцох бүх зардлыг ОУОХ  өөрөөсөө гаргахад бэлэн байгаа аж.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ