Цэргийн сүлд дуу болсон "Манай цэргийн жавхаа" хөшөөнд мөнхөрлөө

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2017-12-11 14:45:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр ЦДБЭЧ-ынхны санаачилгаар МУУГЗ, хөгжмийн нэрт зохиолч Шагжийн Гунаа-Аажавын "Манай цэргийн жавхаа" дуунд зориулан босгосон хөшөөний нээлтийн ёслол тус чуулгын дэргэд боллоо. МУУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Гунаа-Аажавын цэргийн сэдэвт эх орны дууны 200 гаруй бүтээл байдгаас хамгийн их алдаршин, эх орныхоо төдийгүй гадаадын цэргийн дууны урын санд орж 60 гаруй  жил тасралтгүй дуулагдсаар ирсэн "Манай цэргийн жавхаа" дууны хөшөөг Монголын ардын армийн түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон өдгөө ЦДБЭЧ болтлоо өргөжин дэвжсэн Цэргийн ансамбелиас эхтэй гэж үздэг. Маргааш 85 жилийн түүхт ой нь тохиож буй тус хамт олон олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн эхнийх нь МУУГЗ Ш.Гунаа-Аажавын энэхүү домог болсон дууг хөшөөнд мөнхөлж байна. 
Тус арга хэмжээг нээж ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа хэлэхдээ  "Манай ахмад, нэрт уран бүтээлч МУУГЗ Ш.Гунаа-Аажавын "Манай цэргийн жавхаа" дууг манай цэрэг дайчдаас гадна гадаадын цэргийн дууны урын санд  багтаан дуулсаар байна. Бидний гурван үеийнхэн энэ дууг монгол цэргийн "Сүлд дуу" гэж бахархан тэмдэглэж, түүхэн ойгоор зогсохгүй өдөр бүр цэргийн хуаран бүхэнд хүндэтгэл болгон дуулсаар ирлээ. 90 гаруй нас хүрч байгаа ч Ш.Гунаа-Аажав гуай маань өөрийнхөө дууны хөшөөний нээлтэд ирж оролцож байгаа нь бүр ч баяр хөөр бахдал нэмж байна" гэлээ.
Энэхүү арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, МУУГЗ, Ш. Гунаа-Аажав түүний гэр бүл, үр хүүхдүүд ЦДБЭЧ-ын ахмад болон одоо ажиллаж байгаа уран бүтээлчид, Хэвлэл мэдээллийн төлөөллөгчид хүрэлцэн ирж баяр хүргэв. Хуучнаар Цэргийн ансамбелийн алдарт "Жаран хар" хэмээх эрэгтэй найрал дуучид ч ирсэн бөгөөд "Манай цэргийн жавхаа" дууг жавар уястал дуулан цугласан олны сэтгэлийг дулаацуулан баясгав.
МУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Гунаа-Аажав гуайгаас дуу төрсөн түүхийг сонирхоход, 1970 онд цэргийн "Улаан Од" сонинд Т.Жалбуу гэж хүний "Манай цэргийн жавхаа" шүлэг нийтлэгдсэн. Тэгээд шүлгэнд нь ая хийж Цэргийн ансамбелийн Жаран хар гэх найрал дуучдаар анх дуулуулж олонд хүргэсэн. Энэ дуу радио, телевизээр байнга эгшиглэж, цэргийн хуаран, хилийн застав бүхэнд хангинан, цэргийн жагсаалын болон ёслолын сүлд мэт түгэн дэлгэрсэн. Т.Жалбуу гэгч нь Дундговь аймгийн санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч, цэргийн болон аймаг орон нутаг, төвийн сонинд идэвхтэн бичигч, хааяа дууны шүлэг бичиж нийтлүүлдэг эгэл жирийн иргэн байсан. Бидний энэ дууг одоо цэрэг, эх орны сэдэвт дууны охь манлай мэт дээдлэн, хаа сайгүй дуулсаар байгаад их баярладаг. Өнөөдөр энэ дууг хөшөөнд мөнхлөн намайг хүндэтгэн залж нээлтийн улаан тууз хайчлуулсанд туйлын их баярлаж байна" гэлээ.   
Ийнхүү цэргийн сүлд дуу болтлоо алдаршсан "Манай цэргийн жавхаа " дуу хөшөөнд  мөнхөрлөө.

Ж.Батсайхан



Холбоотой мэдээ