top banner

Венесуэлийн сөрөг хүчний намуудыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй


2017-12-11 14:55:56
Зураг
КАРАКАС. /Би-Би-Си/. Венесуэлийн сөрөг хүчний томоохон намуудыг ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

Н.Мадуро өчигдөр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр болсон хотуудын дарга нарын сонгуульд оролцсон намуудыг л ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулна” гэсэн байна.

Шударга ёс нэгдүгээрт, Нийтийн хүсэл зориг болон Ардчилсан үйл ажиллагааны  нам гэсэн тус улсын сөрөг хүчний гурван гол нам “Сонгууль шударга болохгүй гэж үзэж байна” гэх шалтгаанаар өчигдөр болсон сонгуульд оролцоогүй юм.

Харин Ерөнхийлөгч Н.Мадуро хэлэхдээ “Манай улс бол бүрэн итгэж болохуйц сонгуулийн тогтолцоотой” гээд, “Сөрөг хүчний намууд манай улс төрийн газрын зургаас арчигдсан. Хотуудын дарга нарын сонгуульд оролцоогүй ямар ч намыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй” гэжээ.

Венесуэлийн 300 гаруй хотын дарга нарыг сонгох сонгуульд оролцохгүй гэдгээ дээрх гурван нам өнгөрсөн 10 дугаар сард мэдэгдэж байсан юм.

Н.Мадуро Венесуэлийн ерөнхийлөгч болсноос хойш тус улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд  орж, инфляц өсөж, эдийн засгийн хямрал улам бүр гүнзгийрсэн хэдий ч түүний Социалист нам өчигдрийн сонгуульд ялах магадлал өндөр байна.
 
Г.Доржханд

Монгол брэнд