Шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэнгийн ном дахин хэвлэгдлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2017-12-11 15:14:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын нэрт зүтгэлтэн, ОУХМ С.Чимэдцэрэн /1932-2009/ агсны бүтээлийг баяжуулан, түүний үр хүүхдүүд нь “Адмон принт” компанид өврийн ном хэлбэрээр дахин хэвлэн гаргажээ.
 
Олон улсын шатрын холбооны Шатрын бодлого зохиомжийн хүндэт мастер, Олон улсын шүүгч, ОУХМ, Монголын шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэн нь ”Шатрын бодлого этюдын онол” (1975), “Хүүхдийн бодох шатар” (1995), “Шатрын уран сайхны хайгуулд” (1997), “Шатрын бодлогын хураамж” (2005, 2012), “Уран нүүдлийн этюд” (2006), “Комбинацийн урлаг” (2007) зэрэг ном хэвлүүлж нийтийн хүртээл болгосон билээ. 

Тэрбээр 40 шахам жилийн өмнө, 1978 онд “Хүүхдийн жил”-ийг тохиолдуулан, Монголын бяцхан үрсийн сэтгэлгээг хөгжүүлэхэд нэмэр болох зорилгоор бичсэн “Хүүхдийн бодох шатар” номондоо гадаадын болон манай орны шатрын бодлого зохиомжийн нэрт мастеруудын хоёр нүүдлийн 150 гаруй миниатюр бодлогыг тэдгээрийн шийдийн хамт оруулсан юм. 

Энэхүү номын хоёр дахь хэвлэлийг хайрт аавынхаа 85 насны дурсгалд зориулан үр хүүхдүүд болон “Цагаадай трейд” ХХК-иас зарим тодруулга, бодлогуудын сэдэв санааны тайлбар, товч танилцуулга зэрэг нэмэлт хийж сүүлийн үеийн бодлогуудаар баяжуулан шатар, шатрын бодлого сонирхогч хүүхэд багачууддаа өргөн барьсныг “Адмон принт” компани саяхан өврийн ном хэлбэрт оруулан хэвлэсэн байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ