top banner
Шуурхай мэдээ

Модерн балетын уран хөдөлгөөн, аяз хэмнэлээр дамжуулан байгаль орчноо хамгаалахыг уриална


2017-12-11 17:22:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Америкийн балетын хөтөлбөрийн залуу бүжигчид болон Номадик балет продакшны уран бүтээлчид хамтран "Амьдралыг тэтгэгч H2O" модерн балетыг энэ сарын 14-нд Корпорэйт Конвейншн Центрт толилуулна.

Монгол-Америкийн Балетын хөтөлбөр, Номадик балет продакшнтай хамтран 2017-2018 онд “Амьдралыг тэтгэгч” байгаль орчны төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч “Ус”, “Агаар”, “Хөрс” болон эдгээрийг сүйтгэгч “Хог хаягдал” цуврал тоглолтын эхлэл болох энэхүү тоглолтоор уран бүтээлчид бие махбодийн уран хөдөлгөөн, дуу хөгжим, аяз хэмнэлээр дамжуулан хувь хүний эх дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагыг сануулж, дусал дуслаар усаа хэмнэхэд уриалан дуудаж байна.
Орчин үеийн балетын хэв маягийг тодорхойлогчдын нэг АНУ-ын Колорадо Балетын академийн зуны эрчимт сургалтад Монголын залуу бүжигчдийг 2012 оноос эхлэн хамруулж, залуусын мэргэжлийн ур чадвар төдийгүй амьдралын үзэл баримтлал, хандлагад томоохон хөрөнгө оруулалт хийж буй.
Цуврал тоглолтоор байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй үндэсний компаниудаа магтан таниулж, дэмжихийн зэрэгцээ байгаль орчны талаар тулгамдсан асуудлуудыг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх юм.
Ж.Болор

Монгол брэнд