top banner

Умард Солонгосын асуудлаарх АНУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй


2017-12-14 10:20:22
Зураг
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгостой ямар ч болзолгүйгээр яриа хэлэлцээ хийж эхлэхэд бид бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон саяхан мэдэгдсэнтэй холбогдуулан Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Г.Р.МакМастер хэлэхдээ “Умард Солонгосын асуудлаарх АНУ-ын бодлогод өөрчлөлт ороогүй” гэснийг “Ассошиэтед Пресс”агентлаг уламжиллаа.

Р.Тиллерсон мягмар гарагт Вашингтон хотод болсон гадаад бодлогын асуудлаарх нэгэн форумд оролцох үеэрээ “АНУ Умард Солонгостой ямар ч нөхцөл болзолгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэсэн билээ.

Түүний энэ мэдэгдэл нь цөмийн зэвсгээс нь татгалзуулахын тулд Умард Солонгосын эсрэг байж болох бүх л арга хэмжээг авч, шахалт үзүүлнэ гэсэн байр сууриа АНУ өөрчилж байгаагийн илрэл байж магадгүй гэж ажиглагчид үзэж байсан юм.

Харин өчигдөр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Г.Р.МакМастер Вашингтонд нэгэн арга хэмжээнд оролцож, үг хэлэх үеэрээ Р.Тиллерсоны мэдэгдлийн тухай дурдаад “АНУ-ын бодлого, байр суурь өөрчлөгдөөгүй” гэсэн байна.

Г.Доржханд

Монгол брэнд