top banner
Шуурхай мэдээ

Ойн доройтол, хомсдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болно


2017-12-14 12:19:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны ойн санг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор БОАЖЯ-наас “Ойн доройтол, хомсдлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна.

Энэхүү хөтөлбөрт мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжийг тусгах зорилгоор өнөөдөр дээрх хөтөлбөрийн боловсруулах шаардлагыг олон нийтэд танилцуулах уулзалт зохион байгуулав. Монгол Улс 2014-2016 онд нийт нутаг дэвсгэр дэх ойн тооллогыг хийсэн бөгөөд улсын хэмжээнд 5 тэрбум мод ургаж байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь нийт 12 сая га талбайг эзлэн оршиж буй юм. Гэвч ой ихээхэн хөгшрөлттэй байгаа юм. Түүнчлэн төсөв, санхүүгийн хүндрэлээс үүдэн сүүлийн жилүүдэд ойн цэвэрлэгээ зохион байгуулагүйгээс үүдэн түймэр гарах, хортон шавжинд идэгдэх зэргээр нөөц нь буурсаар байгаа юм. Тиймээс ойг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уулзалтын эхэнд дурьдлаа.

Тэрбээр, “Бид хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ойн нөхөрлөл, ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж хөтөлбөрт тусгах санал, зөвлөмжийг нь авч байгаа. Хөтөлбөрийн хүрээд ойг хамгаалах гол ажлуудыг хийхээс гадна  иргэдэд мэдээлэл хүргэх нь туйлын чухал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг жилд дунджаар 120-140 бүртгэгдэж байна. Тиймээс ой мод болон ойн дагалдах баялаг ашиглахад ямар хууль тогтоомж, дүрэм журам дагаж мөрдөх талаар иргэдэд мэдээлэл хүргэх болно. Сүүлийн жилүүдэд ой хамгаалах ажлыг ихэвчлэн Ойн нөхөрлөлүүд хариуцаж байгаа. Төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн бид бүх нөхөрлөл, байгаль хамгаалагчдыг дэмжиж чадахгүй байна. Тиймээс санхүүгийн дэмжлэгийг хавтгайруулах бус үлгэр жишээ үйл ажиллагаа явуулж буй газруудад түлхүү хүргэх болно” гэлээ.

Монгол Улс ойн хамгааллын чиглэлээр гадны хөрөнгө оруулагч байгууллагуудтай нягт хамран ажиллаж байна. Тухайлбал, 2014-2016 онд явуулсан ойн тооллогыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран явуулсан юм. Мөн 2011 оноос НҮБ-ын “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+) хөтөлбөр”-ийн түнш орон болсон. Ингэснээр ой хамгааллын чиглэлээр хэд хэдэн ажлыг өрнүүлсэн гэдгийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг танилцуулав.

Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сард Монгол орны ойн шингээж буй хүлэмжийн хийн хэмжээг тогтоож НҮБ-д хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоо судалгаа, тооцооллын ажил өрнөж байгаа аж. Энэ хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангаас 300 мянган ам.доллар, НҮБ-аас дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Ингэснээр Үндэсний хэмжээнд ой хамгаалах, доройтлоос сэргийлэх нэгдсэн бодлоготой болоход ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ.

Монгол брэнд