top banner
Шуурхай мэдээ

АХБ-ны 3 сая долларын тусламж тариаланч 180 өрхийн амьдралд дэмжлэг болно


2017-12-14 16:16:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хүнсний ногоо тариалж буй жижиг фермерүүдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор  гурван сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Уг санхүүжилтийг Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангаар дамжуулан олгох юм байна.

Гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Ёланда Фернандез Ломмен нар  гарын үсэг зурлаа.

"Энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлыг сайжруулахад дэмжлэг  үзүүлнэ" хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен онцолсон юм.

“Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх” төслийн хүрээнд фермерүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, тариалангийн улирлыг уртасгах, тарих хүнсний ногоог төрөлжүүлэх, шинэ загварын хүлэмж барих, өвлийн хүлэмжийн зохистой тоног төхөөрөмж турших, усжуулалтын систем сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлэх юм байна. Улмаар Төв, Сэлэнгэ, Дархан- Уул, Увс аймагт фермерүүдийн хоршоо, нийгэмлэг байгуулах бөгөөд ингэснээр 45 мянган иргэн орлоготой болох ажээ.

Сангийн сайдын хэлснээр төслийн үр өгөөж газар тариалан эрхэлдэг 180 өрхийн аж ахуйд шууд нөлөөлөх  юм байна.

Дашрамд дурдахад Японы сан нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд манай улсад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудад ажлын байр нэмэгдүүлэх болон байгаль орчныг хамгаалахад 30 гаруй төслийг  хэрэгжүүлжээ.
 Б.Заяа

Монгол брэнд