top banner

С.Эрдэнэ: Зээлийн хүүг 18 хувиар тогтоочихвол үүнээс давсан нь мөнгө хүүлэлт болно


2017-12-14 16:55:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Банкны хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Он гараад 7 төрлийн татвар нэмэгдэх гэж байна. Төр өнөөдөр иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж өгдөггүй юм гэхэд ядаж татвараар дарамтлахгүй байх ёстой. Уг хуулийн зорилго мөнгө хүүлэлтийн эсрэг гэхэд болно. Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож өгсөн жишээ олон байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хөл дээрээ босох боломж алга. Банкны зээлийн хүүгийн дарамтад орж байна шүү дээ. Тиймээс уг хуулийн төслийг хоёр жилийн хугацаанд судалгаа хийж байгаад өргөн барьсан.

Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол Улсын төсвийн нийт орлогыг давсан байна.
Банкууд хадгаламжийн маш өндөр хүүтэй мөнгийг татаж төвлөрүүлж байна. Арилжааны банкуудыг буруутгаж харж болохгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгөний урсгал түгжигдэж, эдийн засгийн идэвхтэй эргэлтэд орохгүй байна. Энэ нь улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй. Арилжааны банкуудын оны эцсийн ашгийн үр дүнг харахад маш өндөр байгаа юм. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн зээлийн үр дүн их муу байна" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр өндөр хүүтэй хадгаламж татсан банкууд эргээд гаргахдаа өндөр хүүтэй зээл гаргаж,  жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь, 40 гаруй хувийн хүүтэй банк ч байгааг онцлоод банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ 18 хувь байна гээд заагаад өгчихвөл түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт болно гэлээ. Уг хуульд зээлийн хүүгийн дээд хэмжээ үндсэндээ 18 хувь, ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хэмжээ 30-35 хувь байхаар тогтоож өгөх санал тусгасан аж. 

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавантолгойн төслийг АН-ын үед урагшлуулж байсан. Өнөөдөр томоохон төслүүд хаана явна вэ?
-Ипотек өнөөдөр зогсчихлоо. 120 тэрбум төгрөг төсөвлөсөн болоод өнгөрч байна. Өнөөдөр энэ мөнгө хэдэн айлд хэрэгтэй вэ. Оюутолгой, Тавантолгой, төмөр замын томоохон төслүүд өнөөдөр урагшлахгүй байна. Бид баялгаа дээрэмдүүлчихээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй байх боломж байсан шүү дээ. Өнөөдөр Оюутолгой бол "Рио Тинто"-гийнх л болж дуусч байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Гэхдээ өнөөдөр эрх баригч нам нь дотроо хагаралтай, өөрчлөлт хийгээгүй байж Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Ямар ёс суртахуунгүй нам бэ гэдгийг нь олон нийт харж байгаа. Оффшор болон  “60 тэрбум”-ын асуудлыг шийдээгүй байж, ийм увайгүй нам Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам асуудал бүрт юу ч хийсэн яадаг юм бэ гэсэн байдлаар хандаад байвал ард түмний өгөх үнэлгээгээр хариугаа хүртэж л таарна шүү дээ. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд