top banner

Ши Жиньпин, Мүн Жэ Ин нар дээд хэмжээний уулзалт хийв


2017-12-14 17:07:11
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/Ёнхап/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин нар өнөөдөр Бээжин хотын Ардын их хурлын танхимд дээд хэмжээний уулзалт хийлээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах, дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тухайлбал холбогдох талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд туслах замаар БНСУ-тай Хятад улс харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж Ши Жиньпин хэлсэн байна. Мөн тэрбээр “Хятад улс болон БНСУ нь Солонгосын хойгийн энх тайван ба тогтвортой байдлыг хангах ашиг сонирхол нэгтэй улсууд” гэжээ.
 
Харин “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын төрийн тэргүүний хувиар Хятад улсад анхны айлчлалаа хийж буй Мүн Жэ Ин харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурлан хоёр улс хоорондын харилааны “шинэ эрин үе”-ийг эхлүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлээд, Солонгосын хойгийн энх тайван ба тогтвортой байдлыг хангахын төлөө илүү их хүчин чармайлт гаргахыг Хятадын талд уриалсан байна.
 
Мүн Жэ Ин нь лхагва гарагт буюу өчигдөр Хятад улсад дөрвөн өдрийн төрийн айлчлалаар хүрэлцэн очсон юм.
 
Хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа хамтарсан мэдэгдэл хийгээгүй байна.

Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд