top banner
Шуурхай мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ҮБХИС-ийн "Хүндэт доктор" боллоо


2017-12-14 17:15:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын цэргийн эрдмийн ууган салбар болох Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний Батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн анхны тэнхмүүдийн нэг Нийгэм, хүмүүнлэгийн тэнхмийн 50 жил, дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 45 жилийн баярын хүндэтгэлийн ёслол өнөөдөр ҮБХИС-ийн Соёлын төвд боллоо.
Энэ сургуулийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх тус сургуулийн ажил байдалтай танилцав. ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн энэ тэнхмийг төгсөгч У.Хүрэлсүхэд сургуулийн "Хүндэт доктор", тус тэнхмийн ахмад багш С.Баатарт "Хүндэт профессор" цол олгосныг ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Жирийн нэг жолоочийн хүү би эх орон, цэрэг эрийн сор болж шилэгдэж элсэж, шигшигдэж төгсдөг энэ сургуультай холбогдон сурч боловсорч, улмаар өнөөдрийг хүртэл цэх шулуун, цэгч зорилготой  ажиллаж амьдарч яваадаа туйлын баярладаг. Төрөлх сургуулийнхаа хөгжих, шинэ технологи нэвтрүүлэх, дэлхийн цэргийн шинэ алхам бүхэнтэй хөл нийлэн явахад төгсөгчийнхөө хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч бүх л талаар дэмжин тусалж ажиллана" гэлээ.
Монгол Улсын батлан хамгаалах салбарын тэргүүний өндөр мэдлэг, боловсролтой багш ажилтнууд, үе үеийн эрдэмтэн мэргэд ажилласаар ирсэн тус тэнхмээс Шинжлэх ухааны доктор 2, боловсролын доктор 23, Монгол Улсын   Их хурлын гишүүн 3, Монгол Улсын ерөнхий сайд 2, Монгол Улсын гавьяат багш 3 төржээ. Үзэсгэлэнгийн самбарт ч Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан, ажиллаж байгаа Р.Амаржаргал, У.Хүрэлсүх нарын болон алдартнуудын зургийг тавьснаас харж болно. 1976 оноос эхлэн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимд улс төрийн боловсролтой офицерийг төгсгөн гаргаснаас хойш 19 удаагийн төгсөлтөөр 500 орчим улс төрийн шилдэг ажилтан бэлтгэсэн гэж тус тэнхмийн эрхлэгч Б.Байгальмаа онцоллоо. Баярын хуралд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нар баяр хүргэж үг хэлэн, дурсгалын өргөмжлөл гардуулан өглөө. Энэ ойн үеэр  "Тэнхмийн 50 жил" баримтат кино, "Амжилт, өсөлтийн 50 жил" түүхийн ном, "Нийгэм хүмүүнлэгийн тэнхмийн эрдэмтдийн бүтээлийн дээж" эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл, гэрэл зургийн үзэсгэлэн гаргасныг зочин төлөөлөгчид сонирхон үзэж, үе үеийнхэн уулзан ярилцсан энгийн дотно  баяр боллоо.

Ж.Батсайхан

Монгол брэнд